Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Өгэдэй хаан

Далай хаан[1]
Өгэдэй
ᠥᠭᠡᠳᠡᠢ ᠬᠠᠭᠠᠨ
Их Монгол Улсын хаан
Юань улсын үед бүтээгдсэн Өгэдэйн хөрөг. Анхны хэмжээ нь 47 см өргөн, 59.7 см өндөр бөгөөд торгон дээр будаг, бэхээр бүтээсэн. Одоо Тайванийн Тайбэй хот дахь Үндэсний Ордон Музейд байдаг.
Хаанчлал1229-1241
Хаан суусан1229
Бүтэн нэрӨгэдэй хаан
Төрсөн огноо1186
Өнгөрсөн огноо1241
ӨмнөхЧингис хаан
УдаахГүюг хаан
Их хатанБорогчин
ЭцэгЧингис хаан
ЭхБөртэ Үжин
Ургийн овогБоржигин

Өгэдэй хаан (ᠥᠭᠡᠳᠡᠢᠬᠠᠭᠠᠨ, ойролцоогоор 1186 он - 1241 оны 12-р сарын 11) нь Чингис хааны гуравдугаар хүү бөгөөд өөрийн эцгийн дараах Монголын эзэнт гүрний хоёр дахь их хаан байв. Тэрээр эцгийнхээ байгуулсан эзэнт гүрний тэлэлтийг үргэлжлүүлсэн ба Европ дахь монголчуудын довтолгоон, Хятад дахь Монголын байлдан дагуулалтын үеэр өмнөд болон баруун зүгт Монголын эзэнт гүрэн өөрийн хамгийн дээд хэмжээнд хүрэх үед дэлхийн хүн болов. Чингисийн бүх хөвгүүдийн адил тэр Хятад, Иран, Төв Ази дахь байлдан дагууллуудад өргөн хүрээнд оролцжээ.

Оршил

Өгэдэй нь Чингис хаан болон Бөртэ үжин нарын гурав дахь хүү байв. Тэрээр өөрийн эцгийн дээшлэн мандах үеийн үймээн самуунтай үйл явдлуудад оролцсон. Өгэдэйг 17 настай байхад Чингис хаан Жамухын цэргийн эсрэг хийсэн Хар халзан элээтийн тулалдаанаас ("Монголын нууц товчоо"-ы уг эхэд тулалдаан болсон газрын нэрийг Халахалжит элэт гэж тэмдэглэжээ) аймшигт ялагдлыг амсжээ. Өгэдэй хүнд шархадсан бөгөөд тулалдааны талбарт гээгдсэн байна. Эцгийнх нь өргөмөл дүү, хамтран зүтгэгч Борохул түүнийг аварчээ. Хэдийгээр тэр аль хэдийн гэрлэсэн байсан ч 1204 онд эцэг нь түүнд ялагдсан мэргид ноёны хатан Дөргөнэг авч өгчээ. Иймэрхүү байдлаар эхнэр нэмж авах нь тал нутгийн соёлд ховор биш байжээ.

1206 онд Чингисийг хаан (khagan) буюу эзэн хаанд (emperor) өргөмжилсний дараа жалайр, бэсүд, сүлдүс, хонхотон овгийн мянгатуудыг түүнд хараат газар нутаг болгон өгсөн байна. Өгэдэйн газар нутаг Ховог (Хобок) болон Эмээл (Эмель) голуудыг хамарчээ. Эцгийнх нь хүсэлтийн дагуу жалайрын захирагч Илүгэй Өгэдэйн багш болсон байна.

Өгэдэй өөрийн ах нарын хамт Алтан улсын (Jin dynasty, Государство Цзинь) эсрэг 1211 оны 11-р сард анх удаа бие дааж цэргийн ажиллагаа явуулсан. Тэрээр Хэбэйгээр дамжин өмнөд нутгийг, дараа нь 1213 онд Шаньсигаар дамжин умардыг сүйрүүлэхээр илгээгдэж байв. Өгэдэйн хүч Ордосын гаднаас Алтан улсын цэргийн ангийг хөөсөн ба тэрээр Сүн улс, Алтан улс, Тангуд улсын (Xi Xia буюу Western Xia (Баруун Ся), Great Xia (Их Ся)) эзэмшлүүдийн хилийн уулзвар руу хөдөлжээ.

Хорезмын эсрэг Монголын байлдан дагуулалтын үеэр Цагадай, Өгэдэй нар 1219-1220 онд таван сарын бүслэлтийн дараа Отрарыг эзэлж, оршин суугчдыг нь хядсан бөгөөд Ургенчийн хэрмийн гадна талд байсан Жочитай нэгдэв. Жочи, Цагадай нар цэргийн стратегийн тал дээр дайсагнан маргалдаж байсан учраас Чингис хаан Ургенчийн бүслэлтийг хянуулахаар Өгэдэйг томилсон байна. Тэд 1221 онд хотыг бүрэн эзлэсэн юм. Афганистан, зүүн өмнөд Персэд бослого гарахад Өгэдэй бас Газнийг номхотгожээ.

Их Хаанд өргөмжлөгдсөн нь

Өгэдэйг хаанд өргөмжилсөн нь. Рашид ад-Дин, XIV зууны эх.

1219 онд Хорезмын эзэнт гүрний эсрэг довтолгооны өмнө Чингис хаанаас өв залгамжлагчаа томилохыг Есүй хатан шаардав. Ахмад хоёр хүү Зүчи, Цагадай нарын хоорондох аймшигт хэрүүл шуугианы дараа тэд өв залгамжлагчаар сонгож болно хэмээн Өгэдэйг байлгахаар тохиролцсон. Чингис тэдний шийдвэрийг баталжээ.

Чингис хаан 1227 онд нас барсан ба Зүчи түүнээс эрт нэг юм уу хоёр жилийн өмнө нас барсан байна. Өгэдэйн дүү Толуй 1229 он хүртэл засаг баригч (regent) байв. Өгэдэйгээр өв залгамжлуулах Чингисийн тодорхой хүсэлд эргэлзэх явдал үнэндээ хэзээ ч байгаагүй хэдий ч Чингисийн нас барсны дараа Хэрлэн мөрөн дээрх Хөдөө Аралд болсон хуралдайгаар 1229 онд Өгэдэй их хаанд (great khan) сонгогдсон байдаг. Ёс жаягийн дагуу гурван удаа найр тавьсны эцэст Өгэдэй 1229 оны 9-р сарын 13-нд монголчуудын Хаанд (Khagan) өргөмжлөгдсөн байна. Цагадай өөрийн дүүгийн эрх шаардлагыг үргэлжлүүлэн дэмжсэн.

Чингис хаан Өгэдэйг эелдэг, өгөөмөр зан чанартай гэж харж байв. Түүний билэг авьяас эцгийнхээ зам дээр эзэнт гүрнийг хадгалсан амжилтад нь тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн. Түүний хаанчлалын үед гол төлөв Чингис хааны ардаа үлдээсэн зохион байгуулалт ба Өгэдэйн хувь хүний шинж чанарын ачаар Монголын эзэнт гүрний ажил хэрэг ихэнх хэсэгтээ тогтвортой үлджээ. Өгэдэй прагматик хүн байсан, гэсэн ч тэр хаанчлалынхаа хугацаанд зарим алдаа гаргасан. Өгэдэй цэргийн захирагч юм уу зохион байгуулагчийн хувьд өөрийгөө эцэгтэйгээ эн тэнцүү хүн гэж үзэн төөрөлддөггүй байсан бөгөөд өөрийн олсон хамгийн чадварлаг хүмүүсийн авьяас чадварыг хэрэглэжээ.

Түүний сэтгэл татам зан байдлын тухай мэдээллүүдийг үл харгалзан 1237 онд үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө Монгол, Персийн түүхчид Өгэдэйг шүүмжилсэн байдаг ба энэ нь Персийн түүхчдийн бичсэнээр долоогоос дээш насны 4,000 ойрад охидыг хүчирхийлэх тушаалаас бүрддэг. Тэгээд дараа нь эдгээр охид Өгэдэйн гаремд (эмсийн байр) хураагдах, эсвэл Монголын эзэнт гүрэн даяарх аяны буудлуудад биеэ үнэлэгчид болон хэрэглэгдэхээр өгөгдсөн байна. Өмнө нь Ойрад нутгийг захирч байсан Өгэдэйн эгч Чэчэйхэний үхлийн дараах энэ алхам нь Ойрад аймаг болон тэдний газар нутгийг Өгэдэйн хяналтын доор авчирчээ.

Дэлхийн байлдан дагуулалт

Дундад Дорнод дахь тэлэлт

Хорезмын эзэнт гүрнийг устгасны дараа Чингис хаан Тангуд улсын эсрэг хөдлөхөд чөлөөтэй болсон. Гэсэн хэдий ч 1226 онд Хорезмын хаадын сүүлчийнх нь болох Желал ад-Дин Мангуберди өөрийн эцэг II Ала ад-Дин Мухаммедын алдсан эзэнт гүрнийг сэргээхээр Персэд буцаж иржээ. 1227 онд түүний эсрэг илгээсэн Монголын зэвсэгт хүчин Дамганд ялагдсан байна. Желал ад-Динийн эсрэг хөдөлсөн өөр нэг арми Исфаханы ойролцоо пиррийн ялалт (pyrrhic victory - ялагдсантай адил ялалт) байгуулсан боловч тэр амжилтаа үргэлжлүүлж чадаагүй аж.

Өгэдэй дайны ажиллагаа эхлүүлэхийг зөвшөөрснөөр Чормаган хорчи 30,000-50,000 монгол цэргийг толгойлон Бухараас гарчээ. Тэрээр хорезмуудын тусламж дэмжлэгийн удаан хугацааны хоёр бааз суурь болох Хорасан, Персийг эзлэн авав. 1230 онд Амударья мөрнийг гаталсан ба ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгаралгүйгээр Хорасан руу орсон тул Чормаган хурдан, чөлөөтэй явж өнгөрлөө. Тэрээр баруун Афганистан руу довтлох цаашдын зааврыг өгсөн байсан Дайр баатрын хяналт доор бие бүрэлдэхүүнийхээ нэлээд их хэсгийг дэмжлэг болгон үлдээжээ. Чормаган болон түүний армийн олонх хэсэг 1230 оны намар Эльбурсын уулс болон Каспийн тэнгисийн хоорондох бүс нутаг Табаристан (орчин үеийн Мазендеран) руу орж, ингэснээр Низаритын исмайлитуудын (ассасинууд) хяналтад байсан өмнө зүг дэх уулархаг бүсээс зайлсхийв.

Рей хотод хүрээд Чормаган өвлийн хүрээгээ тэнд байгуулсан ба хойд Персийн үлдсэн хэсгийг номхотгохын тулд цэргүүдээ илгээжээ. 1231 онд тэр өөрийн удирдсан армийг өмнө зүг рүү хөдөлгөсөн бөгөөд Кум, Хамадан хотууд хурдан хугацаанд эзлэгдэв. Тэндээс тэрээр Фарс, Керманы бүс нутгууд руу цэргүүдээ илгээхэд тэдгээрийн захирагчид мужуудаа сүйтгүүлж байхаас илүү Монгол эздэд алба гувчуур төлөхийг эрхэмлэн хурдан хугацаанд дагаар орлоо. Энэ хооронд зүүн зүгт Дайр баатар Кабул, Газни, Забулистаныг эзлэх зорилгодоо гуйвалтгүй хүрч байв. Монголчууд аль хэдийн Персэд дэг журам тогтоосон тул Желал ад-Дин хөөгдөхөд хүрч, Өвөр Кавказад тусгаарлагдсан байна (тэрээр энэ явдлаас хойш удалгүй алагджээ). Ийнхүү Перс бүхэлдээ Монголын эзэнт гүрэнд нэгдсэн болой.

Алтан улсын уналт

1230 оны сүүлээр Доголху чэрби (монгол жанжин) Алтан улсад санамсаргүй байдлаар ялагдсаны хариуд Өгэдэй хаан дүү Толуйн хамт өмнө зүгт Шаньси муж руу хөдлөн уг мужийг Алтан улсын цэргээс цэвэрлэж, Фынсян хотыг эзлэн авав. Хойд зүгт зуны улирлыг өнгөрөөсний дараа тэд Хэнань дахь Алтан улсын хүчний эсрэг дахин дайны ажиллагаа явуулсан бөгөөд Алтан улсын ар талаас довтлохын тулд Өмнөд Хятадын нутгаар (Сүн улсын газар нутгаар) дайран гарчээ. 1232 он гэхэд Алтан улсын хаан нийслэл Кайфын хотдоо бүслэгдсэн байлаа. Удалгүй Өгэдэй аян дайны эцсийг өөрийн жанждад даатгаж үлдээгээд буцав. Хэд хэдэн хотыг эзэлсний дараа монголчууд Сүн улсын хожимдсон тусламжаар 1234 оны хоёрдугаар сард Цайчжоу хотыг эзлэн авч (Алтан улсын хаан Кайфын хотоос явж Цайчжоу хотод орогноод байжээ) Алтан улсыг мөхөөжээ. Гэвч дараа нь Сүн улсын амбан захирагч Монголын элч төлөөлөгчийг хороосон бөгөөд Сүн улсын цэргүүд монголчуудын захиргаанд байсан Сүн улсын урьдын нийслэлүүд болох Кайфын, Лоян, Чанъань зэрэг хотуудыг эзэлж авав.

Алтан улстай хийсэн дайнаас гадна Өгэдэй Пусянь Ваньну (урьд нь Алтан улсын жанжин байсан) гэгчийн байгуулсан Дорнод Ся улсыг 1233 онд бут цохин мөхөөж, өмнөд Манжуурыг төвшитгөжээ. Мөн энэ бүс нутгийн хойд хэсэгт орших Усны татаруудыг номхотгож, 1237 онд гаргасан бослогыг нь дарсан байна.

Гүрж, Арменийг байлдан дагуулсан нь

1184-1230 оны үеийн Гүржийн хаант улс

1232 онд Чормаганы удирдсан монголчууд Кавказад эргэж ирэв. 1235 онд Гянжа хотын хэрмийг оньсон харвах, түншүүр зэвсгээр эвдэн нураажээ. Эрбиль хотын иргэд Монгол хааны ордонд жил бүр алба гувчуур хүргэхээр тохиролцсоны эцэст монголчууд ухарсан байна. Чормаган 1238 он хүртэл, өөрөөр хэлбэл ханхүү Мөнхийн цэргийн хүч Хойд Кавказад идэвхтэй үйл ажиллагаа явуулах хүртэл хүлээв (1236 оноос Бат хааны удирдсан Монголын их цэрэг Европ руу цөмрөн аян дайн хийж эхэлсэн бөгөөд энэ аян дайны үеэр ханхүү Мөнх, Хадан нар Хойд Кавказын овог аймгуудыг байлдан дагуулсан байна). Арменийг эрхшээлдээ оруулсныхаа дараа Чормаган Тбилиси хотыг эзлэн авлаа. 1238 онд монголчууд Лори хотыг эзлэв. Хотын захирагч шахиншах нь монголчуудыг ирэхээс өмнө гэр бүлийнхээ хамт зугтаж, энэхүү баян хотыг хувь заяанд нь даатгаж үлдээсэн аж. Хоханаберд цайз хүчтэй эсэргүүцэл үзүүлсний дараа цайзын захирагч Гасан Жалал монголчуудад дагаар оров. Дараа нь монголчууд Гүржийн өөр нэгэн түшиг тулгуур болох атабек Авагийн захирсан Каен цайзын эсрэг хөдөлжээ. Монгол жанжин Тохта шууд дайралт хийлгүй, хотыг тойруулан хана хэрэм босгосон тул Аваг удалгүй бууж өглөө. 1240 он гэхэд Чормаган Өмнөд Кавказыг байлдан дагуулж дууссан бөгөөд ингэснээрээ Гүржийн язгууртнуудыг бууж өгөхөд хүргэв.

Солонгос

1224 онд Солонгост очсон Монголын элч буцах замдаа тодорхой бус байдлаар алагдаж, Солонгосын эрх баригчид Монголд албан татвар өгөхөө больжээ. 1231 онд Өгэдэй үрэгдсэн элчийнхээ өшөөг авах, Солонгосыг дарангуйлах зорилгоор Саритай хорчийг илгээв. Ингээд энэ хаант улсыг дарангуйлах тушаалын дагуу Монголын цэрэг Солонгос руу довтолж эхэллээ. Корё улсын (тухайн үед Солонгост оршин тогтнож байсан улс) хаан Монголын даргач нарыг хүлээн авахаар тохиролцсон бөгөөд тэд нараар улс орныхоо хэргийг түр хугацаанд мэдүүлэв. Гэвч тэднийг 1232 оны зун буцахад Чхве У (тухайн үед Корё улсад цэргийн дэглэм тогтож, цэргийн эрхтнүүд улс орныг удирдаж байсан бөгөөд энэ үеийн цэргийн дэглэмийн удирдагч нь Чхве У байв) нийслэлээ Кэсоноос Канхва арал руу нүүлгэжээ. Саритай тэдний эсрэг дайн хийж байгаад тэнэсэн суманд өртөж амь үрэгдэв.

1234 онд Монголд болсон их хуралдай дээр Өгэдэй Монголын элч нарыг хороосон солонгосчууд, Өмнөд Сүн улс, кипчакууд болон тэдний Европын холбоотнуудыг байлдан дагуулах төлөвлөгөөгөө зарлалаа. Өгэдэй Монгол цэргийн жанжнаар Данхыг (Danqu) томилж, дагаар орсон солонгос жанжин Хон Бок-воныг Корё улсаас эзэлж авсан дагасан цэрэг, иргэд бүхий 40 хотын захирагч болгов. 1238 онд Корё улсын хааны ордон энх тайвныг тогтоохыг хүсэхэд Өгэдэй Корё улсын хааныг өөрийн биеэр Монголд ирэхийг шаарджээ. Корё улсын хаан эцэстээ өөрийн хамаатан Ён Нон-гун Суныг сурвалжит 10 хөвгүүний хамт Монгол руу барьцаанд илгээснээр 1241 онд дайн түр зогсов.

Европ

Монгол цэрэг Оросын хотыг эзлэн авч байгаа нь

Монголын эзэнт гүрэн өрнө зүгийн тал хээр нутгийн (Кипчакийн тал нутаг) нүүдэлчдийг эрхшээлдээ оруулж, Европ руу хөөх зорилгоор Бат хааны удирдлага доор баруун зүгт өргөжин тэлж эхлэв. Тэд баруун зүгийн байлдан дагууллаараа Ижил мөрний Булгар, Аланы бараг бүх хэсэг, Кипчакийн тал нутаг, Оросыг эзлэн авснаас гадна Унгарыг богино хугацаанд эзэлсэн юм. Тэд бас Польш, Хорват, Серби, Болгар, Латины эзэнт гүрэн, Австри руу довтолжээ. Коломнагийн (Оросын хот) бүслэлтийн үеэр Өгэдэй хааны эцэг нэгт ах (дүү?) Хүлгэн суманд оногдож амиа алдсан байна.

Энэ аян дайны үеэр Өгэдэйн хүү Гүюг, Цагадайн ач Бүри нар Батыг тохуурхан доромжилж, монголчуудын хүрээнд зөрчил үүсэв. Өгэдэй хаан Гүюгийг "Чи өөрийн армийн эр хүн бүрийн санаа сэтгэлийг алдагдуулсан... Чамайг өөрийнхөө эрчүүдэд харгис хандаж байснаас болж оросууд бууж өгсөн гэж бодож байна уу?" ("Аялж одруун зуур бөгст хүний бөгс нь эс үлдэв хэмээгдэмү чи... Оросууд иргэнийг тэр чиний уур хилэнд айж орогдсоноо болгон ахуюу чи") хэмээн хатуу зэмлэжээ. Дараа нь тэр Европыг байлдан дагуулах ажиллагааг үргэлжлүүлэхээр Гүюгийг буцаан илгээсэн байна. Гүюг болон Өгэдэйн өөр нэг хүү Хадан нар Трансильвани, Польш руу тус тус довтолжээ.

Хэдийгээр Өгэдэй хаан Европын үлдсэн хэсэг рүү, "Их тэнгис" - Атлантын далай хүртэл довтлох зөвшөөрөл олгосон байсан боловч түүнийг нас барсны дараах жил буюу 1242 оны эхээр монголчуудын давшилт Зүүн Европт зогссон юм. Монгол суртал ухуулга хожим энэ аян дайны бүтэлгүйтлийг түүний цаг бусаар нас барсантай холбон тайлбарлаж, Өгэдэйн залгамжлагчийг сонгоход Бат биечлэн оролцох ёстой байсан гэх болно. Гэвч үнэндээ Бат хэзээ ч ийм сонгуулийн төлөө Монгол руу буцаж ирээгүй бөгөөд 1246 он хүртэл залгамжлагч тодроогүй юм. Европын цайз бэхлэлтүүд стратегийн хувьд асуудал үүсгэж, монгол жанжид байгаа нөөц бололцоогоороо түүнийг даван туулж чадахгүй байсан явдал нь аян дайн зогсонги байдалд орж, дахин сэргээгүйн шалтгаан болсон байх магадлалтай.

Сүн улстай зөрчилдсөн нь

1235-1245 оны үед Өгэдэйн хөвгүүдээр удирдуулан хийсэн ихээхэн хор хөнөөлтэй цуврал довтолгооныхоо үр дүнд монголчууд Сүн улсын нутгийн гүнд нэвтэрч, Чэнду, Сянъян, Хөх мөрөнд хүрчээ. Гэвч тэд газар орны уур амьсгал, Сүн улсын цэргийн тоо зэргээс шалтгаалан аян дайнаа амжилттай дуусгаж чадаагүй бөгөөд энэ дайны явцад Өгэдэйн хүү Хүчү амь үрэгдсэн байна. 1240 онд Өгэдэйн нөгөө хүү Хүдэн туслах чанартай армийг Төвд рүү илгээжээ. Сүн улсын түшмэлүүд Сэлмүс (Selmus) тэргүүтэй Өгэдэйн элч нарыг хөнөөснөөр хоёр улсын хоорондох нөхцөл байдал улам дордов.

Өгэдэйн удирдлага доор Ази тив даяар явагдсан Монгол гүрний өргөжин тэлэлт нь улс төрийн тогтвортой байдлыг авчирч, Өрнө ба Дорныг холбосон худалдааны гол зам болох Торгоны замыг дахин сэргээхэд тус болсон юм.

Энэтхэг

Өгэдэй Газнид Дайр баатрыг, Кундузад Мэнгэт (Menggetu) ноёныг тус тус захирагчаар томилжээ. 1241 оны өвөл монгол цэргүүд Инд мөрний хөндий рүү довтолж, Делийн султант улсын мэдэлд байсан Лахор хотыг бүслэв. Гэвч Дайр баатар 1241 оны 12-р сарын 30-нд хот руу дайрах үеэр амь үрэгдсэн ба монголчууд Делийн султант улсаас гарахаасаа өмнө хотыг эвдэн устгажээ.

1235 оноос хойш хэсэг хугацааны дараа монгол цэргийн өөр нэг хүч Кашмир руу довтолж, тэнд хэдэн жил даргач суулгав. Удалгүй Кашмир Монголын хараат болжээ. Ойролцоогоор тэр үед Кашмирын буддын шашны их багш Оточи болон түүний ах Намо нар Өгэдэйн ордонд ирсэн байна.

Засаг захиргаа

Өгэдэй Монголын засаг захиргааны хүнд суртлыг бий болгожээ. Түүний захиргааг гурван бүлэг бүрдүүлсэн. Эдгээр нь:

юм.

Махмуд Ялавач төр засгийн зүгээс татвар хураах ажлыг мөнгөөр төлбөр төлдөг татварын фермерүүдэд хариуцуулах тогтолцоог сурталчилж байжээ. Елюй Чуцай төр засгийн уламжлалт хятад хэв маяг бүхий тогтолцоог бий болгох тал дээр Өгэдэйд дэмжлэг үзүүлж байсан бөгөөд татварыг төрийн албаны төлөөлөгчдийн гарт шилжүүлж, засаг төрийн гаргасан мөнгөн тэмдэгтээр төлбөр хийдэг байв. Лал худалдаачид Монголын язгууртнуудын хувь нийлүүлсэн хөрөнгөөр ажиллаж, татвар төлөхөд шаардлагатай мөнгийг өндөр хүүтэй зээлж байжээ. Ялангуяа Өгэдэй эдгээр ортог (Монголын эзэнт гүрний үед төр ба хувь язгууртнуудын түнш худалдаачныг ийн нэрлэж байжээ) аж ахуйн нэгжүүдэд идэвхтэй хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний зэрэгцээ монголчууд мөнгөний нөөцөөр баталгаажсан цаасан мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж эхэлжээ.

Уламжлалт монгол бичгээр "Өгэдэй хаан"

Өгэдэй төрийн хэрэг эрхлэх салбар хэлтсүүдийг татан буулгаж, Елюй Чуцайн санал болгосны дагуу Монголын захиргаан дахь Хятадын газар нутгийг 10 замд хуваасан ажээ. Мөн тэрээр эзэнт гүрнийг Бешбалык ба Яньцзингийн засаг захиргаанд хуваасан ба Хархорум дахь төв байр нь Монгол, Манжуур, Сибирийн асуудлыг шууд хариуцдаг байв. Түүний хаанчлалын сүүл үед Амударьягийн захиргаа байгуулагдсан байна. Туркестаныг Махмуд Ялавач захирч байсан бол Елюй Чуцай 1229-1240 оны үед Хойд Хятадыг захирч байлаа. Өгэдэй Шигихутугийг Хятадад ерөнхий шүүгчээр томилжээ. Иранд Өгэдэй эхлээд хар хятан хүн Чинтөмөрийг, дараа нь шударга захирагч гэдгээ харуулсан уйгур хүн Коргузыг томилов. Хожим Елюй Чуцайн зарим үүргийг Махмуд Ялавачид шилжүүлж, албан татварыг Абдурахманд хүлээлгэн өгчээ. Абдурахман татварын нэг жилийн мөнгөн орлогын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амласан байна. Ортог буюу түнш худалдаачид Өгэдэйн мөнгийг тариачдад хэт өндөр хүүтэй зээлүүлж байсан хэдий ч Өгэдэй өөрөө нэлээд өндөр хүүтэй зээл авдаг байжээ. Энэ нь ашигтай байсан авч олон хүн татвар хураагчид болон тэдний хүчтэй зэвсэгт бүлэглэлүүдээс зайлсхийхийн тулд гэр орноо орхин дүрвэжээ.

Өгэдэй эзэнт гүрний ноёдод христийн шашинт бичээч Кадак, даосын шашны санваартан Ли Чжичан нараар хичээл заалгаж, сургууль, академи байгуулж байв. Мөн Өгэдэй хаан торгоны нөөцөөр баталгаажсан цаасан мөнгөн тэмдэгт гаргах зарлиг буулгаж, хуучин мөнгөн дэвсгэртийг устгах үүрэгтэй газар байгуулжээ. Елюй Чуцай Өгэдэйн Иран, Баруун болон Хойд Хятад, Хорезм зэрэг хараат газар нутгийг өргөн хэмжээгээр хувааж байгаа явдлыг эзэнт гүрнийг задралд хүргэж болзошгүй хэмээн эсэргүүцэж байлаа. Ийнхүү Өгэдэйн зарлиг болгосноор Монголын язгууртнууд хараат газар нутгуудад даргач томилж болох боловч хааны ордноос бусад албан тушаалтныг томилж, татвар авахаар болжээ.

Өгэдэй хаан эцгийнхээ тушаал, зарлигууд хүчин төгөлдөр хэвээр байгааг баталж, дээр нь өөрийн зарлигийг нэмж, "Их Засаг" ("Их Яса" гэж бас нэрлэдэг) хуулийг үүний салшгүй нэгэн хэсэг хэмээн тунхагласан байна. Өгэдэй хуралдай явуулах болон хувцаслалтын дүрмийг хуульчилсан юм. Тэрээр 1234 онд замын дагуу элч зарлагуудын хэрэгцээг хангах байнгын хүмүүс бүхий өртөөнүүд (яам) байгуулжээ. 25 мил тутамд буухиа өртөөнүүдийг байгуулсан ба өртөөний хүмүүс элч нарт морь унаа өгч, тогтоосон хоол ундаар үйлчилдэг байв. Өртөөнд хавсаргасан айл өрхүүд бусад албан татвараас чөлөөлөгдсөн байсан ч өртөө улаа залгуулахын тулд гувчуур татвар төлөх ёстой байлаа. Өгэдэй Цагадай, Бат хоёрыг өөрсдийн өртөөнүүдээ тус тусдаа хянан захирахыг тушаажээ. Мөн Өгэдэй хаан язгууртнуудыг пайз (энгийн ард түмнээс хэрэгцээт зүйлс, үйлчилгээ шаардах эрх мэдэл бүхий тэмдэг) болон зарлиг гаргахыг хориглов. Бас Өгэдэй зарлиг буулгаж аравт бүрд 100 хониноос нэгийг авч тухай тухайн аравтын дотор буй ядууст өгөх ба сүрэг бүрээс нэг хонь, нэг гүү авч эзэн хааны зоог шүүсэнд хэрэглүүлэхээр болгожээ.

Хархорум

Хархорумын чулуун яст мэлхий

Өгэдэй 1235-1238 оны үед Монголын төв нутгаар дамжин өнгөрдөг жил бүрийн нүүдлийн замынхаа буудаллан саатах газруудад хэд хэдэн ордон, асар барьжээ. Анхны ордон "Ваньнянгун"-ыг ("Түмэн амгалант ордон") Хойд Хятадын гар урчууд барьсан байна. Их Хаан өөрийн хамаатан садангууддаа ойр орчимд нь ордон сууц барихыг уриалж байсан ба Хятадаас авчирсан гар урчуудыг уг газрын ойролцоо суурьшуулжээ. 1235 онд Хархорум хотын бүтээн байгуулалт дуусаж, Өгэдэйн ивээлийг хүртэхийн төлөө өрсөлдөж байсан Лалын болон Хойд Хятадын гар урчуудыг хотын өөр өөр хэсгүүдэд хуваарилан байршуулав. Хотыг дөрвөн хаалгатай шороон хэрэм хүрээлж байлаа. Хотод хавсарсан хувийн орон сууцууд байсан ба урд талд нь Зүүн Азид түгээмэл хэрэглэгддэг сийлбэртэй багана бүхий аварга том чулуун яст мэлхий зогсож байв. Мөн цэцэрлэгийн хаалгатай адил хаалгануудтай цайз шилтгээн болон олон тооны усны шувууд цугларсан хиймэл нуурууд байжээ. Бас Өгэдэй будда, лал, даос, христ шашинтнуудад зориулан хэд хэдэн мөргөлийн сүм бариулсан аж. Хятадуудын оршин суух тойрогт Елюй Чуцайн хятад загвараар хуанли зохиож, зохицуулалт хийдэг күнзийн суртлын сүм байв.

Зан байдал

Монгол дахь Өгэдэй хааны хөшөө

Өгэдэйг хүүхэд байхаас нь эцгийнх нь хайртай хүү гэж авч үздэг байв. Тэрээр насанд хүрсэн хойноо аливаа мэтгэлцээнд оролцохдоо эргэлзэгчдийг зүгээр л өөрийн хувийн зан чанарын хүчээр няцаах чадвараараа алдартай байжээ. Өгэдэй бие бялдарын хувьд том, хөгжилтэй, сэтгэл татам хүн байв. Тэрээр ихэнхдээ цагийг сайхан өнгөрүүлэх сонирхолтой байсан бололтой. Тэр ухаалаг, тогтвортой зан чанартай байлаа. Өгэдэйн удирдахуйн авъяас билэг нь эцгийнхээ тогтоосон зам дээрх Монголын эзэнт гүрнийг хэвээр нь авч үлдсэн түүний амжилтад тодорхой хэмжээний байр суурь эзэлж байсан.

1232 онд Толуй гэнэт нас барсан явдал нь Өгэдэйд гүн нөлөөлсөн бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Толуй өвчинд шаналж байсан Өгэдэйг аврахын тулд бөө мөргөлийн зан үйлээр хордуулсан ундаа ууж амиа золиосолжээ. Бусад эх сурвалжид Өгэдэй бөө нарын тусламжтайгаар архичин Толуйд хар тамхи татуулж амийг нь хороосон гэж бичсэн байдаг.

Өгэдэй архинд донтсон гэдгээрээ алдартай нэгэн байв. Цагадай зуршлыг нь харж хянаж байхыг түшмэлдээ даалгасан боловч Өгэдэй ямар нэгэн аргаар үргэлжлүүлэн уусаар байжээ. Нийтэд тархсан таамгаар бол Өгэдэй өдөрт уудаг аяганыхаа тоог цөөлөх тангараг тавьж, дараа нь хувийн хэрэгцээндээ зориулж ерийн аяганаас хоёр дахин том аяга хийлгэсэн ажээ. Тэрээр Абдурахмантай шөнийн турш архидсаныхаа дараа 1241 оны 12-р сарын 11-ний үүрээр нас барахад хүмүүс Толуйн бэлэвсэн эхнэрийн эгч, Абдурахман хоёрыг буруутгаж байв. Харин Монголын язгууртнууд хаан өөрийгөө хянах чадвар дутмаг байснаас амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Өгэдэй бас даруухан, өөрийгөө суут ухаантан гэж итгэдэггүй хүн байсан ба эцгийнхээ үлдээсэн агуу жанжид, мөн өөрийн чадварлаг гэж үзсэн хүмүүсийн үгийг сонсох, хэрэглэхэд бэлэн байдаг байв. Тэр эзэн хаан байсан ч дарангуйлагч биш байлаа. Өгэдэй өөрийн үеийн бүх монголчуудын нэгэн адил багаасаа дайчин болж хүмүүжсэн бөгөөд Чингис хааны хүүгийн хувьд дэлхийн эзэнт гүрэн байгуулах эцгийнхээ төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм. Түүний цэргийн туршлага нь жанждынхаа үгийг сонсох, нөхцөл байдалд дасан зохицоход бэлэн байдгаараа онцлог байв. Тэрээр аавтайгаа адилхан прагматик хүн байсан бөгөөд арга хэрэгсэл гэхээсээ илүү төгсгөлийг нь хардаг байжээ. Өгэдэйн тууштай зан чанар, найдвартай байдал нь аавынх нь хамгийн их үнэлдэг зан чанар байсан ба энэ нь түүнийг хоёр ахтай байсныг үл харгалзан эцгийнхээ залгамжлагчийн үүргийг хүлээн авахад хүргэсэн ажээ.

Гэсэн хэдий ч Монгол, Персийн түүхчид Өгэдэйг 1237 онд эцэг Чингис хааныхаа бага насны охидыг булаан авах, хүчиндэх, хулгайлах, солилцох, худалдахыг хориглосон болон хэдийгээр охид бага залуу насандаа гэрлэж болох ч 16 нас хүртлээ бэлгийн харьцаанд орохгүй байх тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн хэмээн шүүмжилдэг. Монгол түүхүүдэд гэмт хэргийн мөн чанарын талаар тодорхой тэмдэглээгүй байдаг ч Персийн түүхчид ойрадууд Өгэдэйн гаремд охид явуулахаа больсны дараа Өгэдэй долоогоос дээш насны 4,000 ойрад охидыг хамаатан садных нь нүдэн дээр цэргүүдээрээ нүцгэлүүлж, олон удаа хүчирхийлүүлж байсан гэж тэмдэглэсэн байдаг. Эдгээр охидоос хоёр нь зовлон зүдгүүрийн улмаас нас барсан ба хүчирхийлэлд өртөөгүй үлдсэн охидыг цэргүүд хуваан авч, зарим охидыг хааны гарем руу явуулж, заримыг нь бэлгийн боолчлолын зорилгоор аяны буудлуудад хуваарилжээ. Үүнд тохиромжгүй гэж үзсэн бусад охидыг авч явах юм уу хөсөр хаясан байна. Өгэдэй энэ алхмыг бэлгийн завхралд автсандаа биш, харин Ойрад дахь эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд хийсэн бололтой.

Дээрх мэдээ, тухайлбал монгол сурвалжид уг гэмт хэргийг шүүмжилсэн (одоо ч эргэлзээтэй) гэсэн таамаглалыг Жек Уэзерфордын (Jack Weatherford) 2011 онд хэвлэгдсэн "Монгол хатдын нууц түүх: Чингис хааны охид түүний эзэнт гүрнийг хэрхэн аварсан бэ?" ("The Secret History of the Mongol Queens: How the Daughters of Genghis Khan Rescued His Empire") номд (энэ ном монгол хэлээр "Монголын Их Хатдын нууц товчоо: Чингис хааны эзэнт гүрнийг охид нь аварч хамгаалсан түүх" хэмээх нэртэйгээр орчуулагдсан) дурдсан байдаг. Уэзерфорд үүнийг "түүний (Өгэдэйн) 12 жилийн хаанчлалын үеийн хамгийн аймшигт гэмт хэрэг бөгөөд Монголын түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн аймшигт харгислалын нэг" гэж нэрлэжээ. Анна Ф.Бродбрижийн (Anne F. Broadbridge) бичсэн "Эмэгтэйчүүд ба Монголын эзэнт гүрний бүтээн байгуулалт" ("Women and the Making of the Mongol Empire") хэмээх Монголын түүх судлалын сүүлийн үеийн номд (энэ ном 2018 онд хэвлэгдсэн) "Ойрад охидыг олноор нь хүчирхийлсэн гэх гутамшигт хэрэг"-ийг Өгэдэй өөрийн авга ах Тэмүгэ отчигины нутаг дэвсгэрээс охидыг Тэмүгэгийн зөвшөөрөлгүйгээр хураан авсан явдалтай холбосон байдаг. Гэсэн хэдий ч Бродбриж "Бүх нотлох баримт дарагдсан тул энэ нь зөвхөн таамаглал байж болно" гэж тэмдэглэжээ. "Юань улсын судар" болон "Монголын нууц товчоо"-д Өгэдэй "зүүн жигүүр" болон "авга ах Отчигины эзэмшил"-ээс эмэгтэйчүүдийг хүчээр булааж авсан тухай өгүүлдэг боловч хүчингийн тухай дурдаагүй байдаг. "Монголын нууц товчоо"-д Өгэдэй хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлж "Миний хоёр дахь буруу, зарчимгүй эм хүний үгийг сонсож, миний авга ах Отчигины нутгаас охидыг надад авчирсан нь гарцаагүй алдаа байсан" ("Нөгөө буруу ёс үгүй эм хүний үгд орж Отчигин авгын улсын охид авчруулах алжаас болов зэ. Улсын эзэн хаан бөгөөтөл ёс үгүй алжаас үйлд дөлэсгэгү (түлэсгэх) минь нэгэн буруу энэ болов зэ") гэж хэлсэн тухай өгүүлсэн байдаг ч Игорь де Рахвельц (Igor de Rachewiltz) дөрвөн сайн үйл, дөрвөн алдааг жагсаасан бүх догол мөр нь Өгэдэйн нас барсны дараах үнэлгээ байж болохыг тэмдэглэжээ.

Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх цорын ганц мэдээлэл нь Жувейнийн (1226-1283) 1252 онд бичсэн "Дэлхийг байлдан дагуулагчийн түүх"-ийн ("Tarikh-i Jahangushay") 32-р бүлэгт байдаг. Энэ бүлгийг хожим Рашид ад-Дин XIV зууны эхэн үед бүтээсэн "Судрын чуулган" ("Jami' al-Tawarikh") номдоо бүхэлд нь үгчлэн хуулбарласан хэдий ч бага зэрэг товчилсон хувилбараар бичжээ. Жувейни номынхоо 32-р бүлэгт Өгэдэй хааныг магтан дуулж эхлээд Өгэдэйн "энэрэл, өршөөл, шударга чанар, өгөөмөр зан"-г харуулахын тулд маш нарийн 50 анекдот (Бодит үйл явдал, эсвэл хүний тухай богино, хөгжилтэй юм уу сонирхолтой түүх) өгүүлж, дараа нь түүний "уур хилэн, хатуу чанд төлөв, догшин ширүүн зан, аймшиг төрүүлсэн байдал"-ыг харуулах нэг анекдот өгүүлсэн ба энэхүү нэг анекдот нь дээр дурдсан хүчингийн хэргийн тухай юм. Энэхүү анекдот энэ бүлгийг төгсгөж байна. Жувейнийн хоёр гар бичмэлд уг хүчирхийлэлд өртсөн овог аймгийн нэр тодорхой байдаггүй ч D гар бичмэл болон Рашид ад-Дин нар "Ойрад" гэж бичжээ. Бродбриж, И. де Рахвельц нар ойрадуудтай холбосон энэ тодорхойлолтын үнэн бодит эсэхэд эргэлзэж байв. Анекдотуудыг перс үлгэрийн хэв маягаар бичсэн байна. Жувейни 46-р анекдотын эх сурвалжийн тухай "Миний тааламжтай яриа өрнүүлдэг найзуудын нэг надад дараах түүхийг хэлсэн юм" гэж тэмдэглэжээ. Өгэдэйг магтан дуулсан анекдотууд нь лалын шашинтнуудыг дэмжигч, хятадуудын эсрэг байр суурийг илэрхийлдэг. Хэд хэдэн анекдот Өгэдэйн өөрийгөө хянах чадвар дутмаг байдлыг харуулсан доог тохууны өнгө аястай байдаг. Анекдотууд нь үнэний ортой байж болох ч зарим нь лал худалдаачдын нийгэмлэгээс гаралтай хуурамч домог мэт санагддаг тул болгоомжтой хандах хэрэгтэй. Перс хэл дээрх өөр нэг мэдээ бол "монголчуудыг шоолж", "хорон муу санаа"-гаа илэрхийлснийх нь төлөө Алтан улсын цэргүүдийг бөөнөөр нь "содом"-дох ("sodomy" ("содоми") - ижил хүйстний бэлгийн харилцаа) буюу хүчирхийлж байсан явдал юм. Үүнийг Рашид ад-Дин эш татсан бөгөөд Уэзерфорд тэмдэглэжээ. Хэдийгээр энэ мэдээ нь хэтрүүлэгтэй байж болох ч бэлгийн хүчирхийллийг зэвсэг болгон ашиглаж байгааг харуулсан байна.

Уэзерфордын хэлснээр бол Өгэдэй Чингис хааны бий болгосон охид эмэгтэйчүүдийг бэлгийн харьцаанд эрт оруулах, хүчиндэх, хулгайлах, худалдахыг хориглосон хууль тогтоомж бүрийг зөрчиж байжээ.

Үхэл ба үр дагавар

"Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх"-энд дурдсанаар бол Өгэдэй бие нь чилээрхэх болсон тул ямар нэг амьд амьтныг өршөөж суллавал түүний өвчилсөн гэдсийг Төгс Хүчит Бурхан эдгээнэ гэж найдан нэгэн чоныг суллаж тавьжээ. Гэвч хааны арслан шиг биетэй ноход нь тэр чоныг элдэн хөөж хэсэглэн тасдаж алсан байна. Өгэдэй энэ явдлаас хойш удалгүй нас баржээ. Энэхүү анекдот (47-р анекдот) нь Өгэдэй Абдурахмантай шөнийн турш архидсаны дараа нас барсан гэх нийтээр хүлээн зөвшөөрсөн мэдээлэлтэй зөрчилддөг.

Өгэдэй өөрийн ач хүү Ширэмүнийг өв залгамжлагчаараа сонгосон боловч түүний бэлэвсэн хатан Дөргэнэ таван жил төрийн хэргийг хамаарсны эцэст Гүюг ор суурийг нь залгамжилжээ. Гэсэн хэдий ч Алтан ордны улсын (Жочийн улс, Кипчакийн хаант улс гэж бас нэрлэдэг) хаан Бат Гүюгийг нэрийн төдий хүлээн зөвшөөрсөн ба Гүюг Баттай тулалдахаар явах замдаа нас барсан байна. Мөнх хааны үед буюу 1255 онд л Бат Европыг дахин довтлох бэлтгэл хийхэд хангалттай аюулгүй байдлыг олж авав. Гэвч тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс өмнө нас баржээ.

Хубилай хаан 1271 онд Юань улсыг байгуулахдаа албан ёсны тэмдэглэлд Өгэдэй хааныг "Тайзун" (хятадаар: 太宗) хэмээн нэхэн өргөмжилжээ.

Хатад, татвар эмс ба хүүхдүүд

Өгэдэй өөрийн эцэг Чингис хааны нэгэн адил олон хатантай байсан бөгөөд жаран татвар эмтэй байв.[2] Өгэдэй эхлээд Борогчинтой, дараа нь Дөргэнэтэй гэрлэжээ. Бусад хатдын дунд Мөгэ хатан (урьд нь Чингис хааны татвар эм байсан), Жачин хатан, Хөрүгэнэ нар байв.

Их, бага хатад:

  1. Борогчин
  2. Дөргэнэ
    1. Гүюг – Монголчуудын гурав дахь Их Хаан
    2. Хүдэн – Анхны Буддист Монгол ханхүү
    3. Хүчү (1237 онд зуурдаар нас барсан) – Сүн улстай хийсэн дайны үеэр амь үрэгдсэн.
      1. Ширэмүн – Өгэдэй өв залгамжлагчаараа товлосон.
      2. Боладчи
      3. Сөсэ
    4. Харачар
      1. Тотаг
    5. Хаш – Өгэдэйн хаанчлалын үед нас барсан.
      1. Хайду (1235–1301)
  3. Мөгэ хатан
  4. Жачин хатан
  5. Анхуй хатан (昂灰)[3]
  6. Чилижихутэни хатан (乞里吉忽帖尼)[3]

Татвар эмс:

  1. Эргэнэ
    1. Хадан
    2. Мэлиг – Данишменд-хажи хүмүүжүүлсэн.[4]

Өгэдэй хааны хойчис

  • Өгэдэй хаан
    • Гүюг хаан
      • Хожа
        • Тогма
          • Юшумут
          • Ижүгэн
          • Өлзийхэн
          • Абажи
        • Басужу өвгөн
          • Чауту
          • Хөхөө
          • Төмөр
      • Нагу
        • Чапат
      • Хөхөө
        • Урга
          • Дармабал
          • Ардаба дорж
          • Хутухай дорж
            • Күрэн Иргиман
            • Артаба Шири
        • Тэгш
        • Игирдай
        • Күмү
          • Тэгүдэр
        • Гончиг
        • Түвшин
          • Жугшаб
        • Төгсбуха
        • Дарабун
    • Годан
      • Мөнхөт
        • Есүбөх
      • Чинтөмөр
    • Хүчү
    • Харачар
      • Тутаг
    • Хашин
      • Хайду хан
        • Чапар
          • Бүритөмөр
          • Өлзийтөмөр
          • Хутлуг
          • Төмөр
          • Цэцэгт
          • Тугтөмөр
          • Цэрэгт
          • Уладай
        • Урус
        • Янгичар
        • Ринчин
          • Алгу хулачу
          • Сарбан
            • Бурунтай
            • Бучир
        • Кудаур
        • Сурхабуха
        • Илбагши
        • Хүрэл
        • Ихбуха
        • Уругтөмөр
        • Хутулун : Горлосын Абтагултай гэрлэсэн.
        • Хутучин чаха: Олхунудын Төвшин хүргэнтэй гэрлэсэн.
    • Хадан
      • Дорж
        • Суса
        • Аскаб
      • Кипчаг
        • Хүрил
      • Есүр
      • Хадан
        • Лахур
        • Мубаракшах
      • Хурмиши
      • Яя
        • Уругтөмөр
        • Эсэнтөмөр
          • Али хожа
      • Ачиги
        • Уругтөмөр
          • Курасбэ
          • Туглугбуха
          • Хутлугхожа
          • Хутлугтөмөр
          • Чинболд
          • Аргун
          • Мухаммед
          • Али
    • Мэлиг
      • Түмэн
      • Тогонбуха
        • Улугт
      • Тогончар
        • Алтай
        • Хуртаг
      • Тогон
      • Турчан
        • Тогугар
      • Хутлуг тохмиш
        • Туглуг
          • Тузун

Дурсгал

Монголын Иргэний Агаарын Тээвэр (МИАТ) Boeing 737-800 EI-CSG онгоцоо "Өгөөдэй Хаан" гэж нэрлэсэн байдаг.

Ном зүй

  • "HISTORIA MONGALORUM" Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, "Монголчуудын түүх" Плано Карпини, итали хэлнээс орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1

Эх сурвалж

  1. Далай хаан гэж Их Монгол улсын их хааны тамга тэмдэглэгдсэн байдаг.
  2. Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 2. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 5.
  3. 3.0 3.1 "元史/卷106 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-03-27.
  4. Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 2. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 14.
Өмнөх
Чингис хаан
Их Монгол Улсын хаан
1229-1241
Дараах
Гүюг хаан
Kembali kehalaman sebelumnya