ШихихутугШигихутуг (1180-1260) бол Их Монгол Улсын төрийн зүтгэлтэн, их заргач бөгөөд Чингис хааны хамтран зүтгэгчдийн нэг юм. Тэрээр Чингис хаан, Өгэдэй хаан, Гүюг хаан, Мөнх хааны үед төрийн алба хашиж байв. Шигихутуг Хубилай-Аригбөхийн дайны үед нас баржээ. Түүний талаар "Монголын нууц товчоо", "Судрын чуулган" зэрэг түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Зарим судлаачдын таамаглаж байгаагаар Шигихутуг "Монголын нууц товчоо"-г бичсэн байх магадлалтай ажээ. Угсаа гаралТүүнийг анх хэрхэн олж өсгөсөн талаар сурвалж бичиг бүрт харилцан адилгүй тэмдэглэжээ.
НамтарМонголын нууц товчоо-д дурдсанаар Их Монгол Улсыг байгуулж 95 мянгатын ноёдыг зарлахад Шигихутуг Борохулын дараа 16-рт мянганы ноёноор нэрлэгдсэн байдаг. Тухайн үедээ уйгур бичигт боловсорсон байсан шалтгаанаар Их Засаг хуулийг баталж, хэрэгжүүлэхэд оролцсон нь алдар гавъяа олоход хүргэсэн ба насан эцэс болтлоо төрийн их заргачийн албыг хашиж байв. Чингис хааныг дагаж Алтан улсын эсрэг аян дайн болон Хорезмын эсрэг аян дайнд цэрэг удирдан оролцож байжээ. 1221 онд Шигихутугийн тэргүүлсэн Монголын 30,000 цэрэг Хорезмын султан Желал ад-Дины удирдсан их цэрэгтэй тулалдсан явдал нь дэлхийн түүхэн эх сурвалжуудад дурдагддаг нэгэн томоохон үйл явдал юм. Тэр явдлаас хойш Шигихутуг цэрэг удирдсан тухай баримт байдаггүй. Шигихутуг ноёны их хуралдай болон бусад хуралдаанд оролцох үеийн суудал, эзлэх байр суурь нь Өгэдэй хааны хөвүүдээс дээгүүр, Өгэдэй хаан "ах" хэмээн хүндэтгэн дууддаг байсан зэргээс түүний Монголын эзэнт гүрэнд ямар хүч нөлөөтэй байсныг харж болно. Түүнийг 1260 онд нас барахад үр хүүхэдгүй тул Шанду хот дахь өргөөг нь Хубилай хаан өөрийн түшмэдээ суулгах засаг захиргааны ордон болгосон байдаг. Шигихутуг улсын дээд заргач байсны хувьд хаантай зөвлөн, хааны нэрийн өмнөөс шүүн таслах ажиллагаа явуулах, хаан төрийн “үзэх нүд, сонсох чих” болж улс үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, шинээр байлдан эзэлсэн газар нутаг, дайны олзыг хувь тэнцүүлэн хуваах, зарга ялгаснаа хөх бичиг, цагаан цаасан дээр бичиж дэвтэрлэх үүрэгтэй байжээ. "Гурван зуун тайчуудыг дарсан домог"-т өгүүлсэнээр бол Чингис хаан өргөмөл дүүгээ: "Мэргидийг мэдүүлж Монголыг мохоож Тайчуудыг таньж Дайсныг даралцсан Татаарын Шигихутуг минь" хэмээн магтжээ. Эшлэл |