ДөргөнэДөргэнэ хатан (1206 онд орчим төрсөн-1246 онд нас барсан) Өгэдэй хааны зургаадугаар хатан. Монгол сурвалж бичгүүдэд Наймажин буюу Наймалжин гэж бичсэн байдаг. Энэ нь найман аймгийн гаралтай гэсэн үг. Өгэдэй хааныг нас барсны дараа 1241-1246 он хүртэл Их Монгол Улсын төр барьсан хатан бөгөөд анх Монголын төр барьсан эмэгтэй гэж үздэг юм. АмьдралДөргэнэ хатан их царайлаг биш боловч их захирангуй, хатуу чанга хүн байсан байна. Дөргэнэ бол мэргид аймгийн тэргүүн Тохтоа бэхийн ууган хүүгийн гэргий байжээ. Гэтэл Чингис хаан мэргидийг байлдан дагуулахдаа түүнийг олзолж хөвгүүндээ өгснөөр хаан ширээ залгамжлах болсон Өгэдэйн зургадугаар хатан болсон ажээ. Дөргэнэ Өгэдэй хааны хатан болоод Гүюг, Хүдэн, Хүчү, Харачар, Хаш хэмээх таван хөвүүн төрүүлжээ. Төрөлхийн зоримог, шударга зантай, чадварлаг Дөргэнэ бусад хатдаасаа илүү хааныхаа хайр сэтгэлийг булааж чаджээ. Өгэдэй хаанчлалынхаа сүлийн үед бор дарсанд орж төрийн хэргийг цалгардуулах болсон тул Дөргэнэ хатан төрийн хэргийг орлон эрхлэх болжээ. Тэрээр лалын худалдаачдыг дотночлон тэдэнд зүйл бүрээр тусалж дэмжиж байсан аж. Ялангуяа лал худалдаачин Абдуррахман хатанд онцгой дотночлогдож, 1240 онд эзлэгдсэн орнуудын олон мужаас татвар хураагч түшмэл болтол дэвшсэн байдаг. 1241 оны 12 сарын 11-нд учир битүүлэг нас барсан Өгэдэй хааныг бусдад хорлогдсон ч байж магадгүй хэмээн үздэг. Өгэдэй хаан гэнэт нас барсан учир Чингис хааны адил хаан ширээ залгамжлуулах хүнээ нэр заан албан ёсоор гэрээслээгүй ажээ. Дэргэдээсээ салгадаггүй хайрт хатан Мөгэ хатандаа «Чи төрийн хэрэг хамаар. Ширэмүнийг дэмжиж хаан ширээ залгамжлуул» гэж нэг биш удаа захисан нь зарим ном дэвтэрт тэмдэглэгдсэн байдаг. Мөгэ хатан бол ухаалаг, зан ааш сайтай, Өгэдэйд ихэд үнэлэгддэг байсан байна. Гэвч Өгэдэй хааныг таалал төгссөний дараа Мөгэ хатан удалгүй өвчнөөр нас барсан бөгөөд Ширэмүн төрийн хэрэг жолоодоход балчир байсан ажээ. Хаан ширээний төлөөх тэмцэлӨгэдэй хааныг 1241 оны эцсээр тэнгэрт халимагц Монгол гүрний хаан ширээ булаацалдах тэмцэл хямрал эхэлсэн ажээ. Дөргэнэ хатан нөлөө бүхий хэсэг ноёд язгууртнуудийг зарлан цуглуулж Далан даваа гэдэг газар хуралдаан хийж, шинэ хааныг өргөмжлөх асуудал хэлэцүүлжээ. Гэхдээ тэр чуулганаас хэнийг хаанаар өргөмжлөх тодорхой шийдвэр гаргалгүй Дөргэнэ хатанд төрийг түр хамааруулахаар тогтжээ. Ийм шийдвэр гаргахад Цагадай гол үүрэг гүйцэтгэжээ. Тэр үед Цагадай Чингис хааны хөвүүдээс амьд сэрүүн байсан ганц хүний хувьд эрх сүр их байв. Нөгөө талаар төрийн эрхийг гартаа авахын тулд Дөргэнэ хатан өөрөө ч зарим нэг арга мэхийг хэрэглэсэн байдаг. Энэ явдалд Өгэдэй хааны ах дүү, үр садан болон хуучин түшмэд, Чингисийн угсааны бусад ноёд сурвалжтан нарын олонх ихэд дургүйцжээ. Хаан суулгахаар Өгэдэй хааны гэрээсэлж үлдээсэн Ширэмүнийг амьд сэрүүн байхад эд нар дураар аашилж байна гэсэн яриа олны дунд ихэд дэлгэрч, нөгөө талаар нөлөө бүхий ноёд, түшмэдийн ихэнх нь шинэ хааныг өргөмжлөх эрмэлзэлтэй байсан учир Дөргэнэ арга буюу бусдын шахалтаар их хуралдайг хуралдуулах болов. Дөргэнэ хатан төрийн эрхийг барьж байсныхаа хувьд Ширэмүнийг балчир гэдэг нэрийдлээр өөрийн хүү Гүюгийг их хаанд өргөмжлүүлжээ. Чингис хааны ахмад хөвүүн Зүчийн том хөвүүн Бат ба отгон хөвүүн Толуйн угсааныхан Гүюгийг хаан суух явдлыг эсэргүүцэж харин Өгэдэй, Цагадайн угсааныхан Гүюгийг хүрээлэн дагасан байна. Ийнхүү Өгэдэй хааны залгамжлагчийг сонгох үед Чингис хааны алтан ургийхан хоёр хэсэг хагарчээ. Хэдий тийм боловч Гүюгийг хаан ширээ өргөмжлөх хуралдай Дөргэнэ хатны дэмжлэгээр хааны зуны ордонд 1246 оны зун эхлэв. Энэ их хуралдайгаар Гүюг их хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд ингэсэнээр Дөргэнэ хатны төрийн эрх барих явдал эцэслэжээ. Гэсэн хэдий ч Дөргэнэ хатны нөлөө, эрх сүр нь бүрмөсөн буураагүй болой. Удалгүй тэр жилдээ Дөргэнэ хатан нас баржээ. Нэгэн үед Монголын төрийг барьж нэр цуутай явсан Дөргэнэ хатны амьдрал бурангуй феодал ёсны улс төрийн тэмцлийн шуурганд ийн эцэслэсэн түүхтэй.
|