Тангуд улс
Сяньби нараас тасарч Хөхнуур руу нүүж Тугухунь улсыг байгуулсан сяньбичууд 670 онд төвөдүүдэд эзлэгдэх үед Тугухуний Чичи ноён Хятадын Тан улсад бууж өгчээ. Тан улс унасны дараа 1038 онд тугухунь угсааны ноёд Тангуд улсыг Кидан Улсын дэмжлэгтэйгээр байгуулжээ.[1] Эрх баригч тугухунь угсааны ноёд яваандаа сяньби хэлээ мартсан бололтой бөгөөд улсын хүн амын ихэнх нь төвөдтэй гарал үүсэл, хэл, соёл ойролцоо, тангуд хэлтэй тангудууд байв. Тангуд угсаатны гаралМонголчуудын нэрлэдгээр өрнийн хар Тангуд буюу Хашин иргэн, хятадуудын хэллэгээр Баруун Ся улс буюу Дансяньчууд, өөрсдийгөө “Өндөр Цагаан Их Улс” буюу миняг гэдэг тангудууд 1038-1227 (906 эсвэл 982 оноос эхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй) оныг хүртэл одоогийн Хятадын Ганьсу, Шаньси, Нинься мужуудад оршин байв. Тэд Төвөд-Бирм хэлний язгуурын (Бирм хэл рүү илүү ойрхон) одоо устаж үгүй болсон тангуд хэлээр ярьж, кидан болон хятад бичгээс эх авсан өөрсдийн зохиосон бичиг үсгийг хэрэглэн Бурханы шашны болон Кидан, Хятадаас олон ном зохиолыг тангуд хэлэнд хөрвүүлэн буулгаж, өөрснөө ном судар зохион модон бараар хэвлэн буулгаж явжээ. Тангудуудын угсаа гарвалын талаар одоог хүртэл маргаантай байдаг бөгөөд түүхийн бичлэг дэх “улаан нүүртэн”, “хар тэргүүтэн” гэсэн хэллэгээс үүдэн тангудууд нь хоёр үндэстэн угсаатнаас эсвэл нийгмийн хоёр давхрагаас тогтдог байсан гэж үздэг байна. Өндөр Цагаан Их Улс хэмээх нэрийн тухайд Төвөд Тангудын ижил домгоос үүссэн, Бурханы шашны Дандарын ёсны нэр томьёоноос үүссэн гэх таамгууд байдаг байна. Сүүлийн үеийн археологийн олдвор, түүхийн бичлэг зэргээс үүдэн тангуд хүмүүс ихэвчлэн Цянь аймагт хамаарах ба хаан язгууртнууд нь Тоба болон Сяньби аймгуудын удам угсааныхан гэж үзэх болжээ. Анх Ганьсу мужийн өмнөд хэсэг, Цинхайн зүүн талаар байсан тангудууд I мянганы II хагаст хойш нүүж эхэлсэн ба IX-X зууны сүүлд Ордосын тохойн баруун өмнөд, Алшагийн зүүн хэсгийн ихэнх хүн амыг бүрдүүлэх болжээ.[2] ТүүхТангуд аймгууд Төвөдийн эзэнт улсын цэргийн шахалтад автаж Төвөдийн улс төрийн ноёрхлыг хүлээн зөвшөөрч, зарим нь Ордос хавьд ирж Хятадын Тан улсын Дэнзон хаанд бууж өгсөн үеэс буюу 799 оноос Хятадын сурвалжид тэмдэглэгдэх болжээ. Тан улсад бууж өгсөн тангудууд Хуан Чаогийн бослогын үеэр Тан улсад үнэнч хэвээр байсан ч 906 онд Тан улс мөхөж Хятадад 5 гүрэн, 10 хаант улсын үе эхэлснээр тэд де-факто (Тангудын удирдагч Ли Жигиан Диннаны Жиэдүши буюу Диннаны цэргийн захирагч цолтойгоор 5 гүрний мэдэлд байсан гэж хятадын түүхэнд гардаг ч) тусгаар улс болсон юм. 932 онд хожмын Тан улсын хаан Минзон тэднийг Киданы холбоотон болсон хэмээн ташаарч Диннаныг эзлэх оролдлого хийсэн авч амжилт олоогүй бөгөөд тангудууд 5 гүрний үед (906-960 онууд) тусгаар тогтнолоо хадгалан байв. Тангудууд ийнхүү 906 оноос хойш туурга тусгаар, эрх чөлөөт улс байсан хэдий ч түүхийн сурвалжуудад Ли Дэмин “Тангуд улс”-ыг үндэслэсэн гэх 982 оноос ч бус, Ли Дэминий хүү Ли Юанхао 1038 онд өөрийгөө Да Ся-ийн эзэн хаан (1038-1048 онуудад хаан байв) хэмээн зарлаж, Сүн улсын хаанаас өөрийгөө түүнтэй эн чацуу хаан гэхийг шаардсан үеэс Тангуд улсын түүхийг эхлүүлдэг байна. Ли Дэминий үеэс тангудууд Хятадын соёлд ихээхэн автан уусах байдалтай байсан ч олон сурвалжид тэмдэглэснээр тэд үндэс угсаагаа алдаагүй байна. Харин түүний хүү Ли Юанхао хуучны соёл, ёс заншлуудыг хүчээр сэргээх (уламжлалт үндэсний хувцсаа хэрэглэх, хятадууд үсээ урт ургуулж сүлждэг байсан тул Тангудуудыг үсээ богиносгох эсвэл хусах, Хятадын Тан улсын үед Тангудын удирдагчдад өгсөн овгийн нэр болох Ли болон Сүн улсын үед өгсөн Жао овгийн нэрийг өөрчлөн тангуд овог болох Вэймин гэх овгийг авах зэрэг) мөн тангуд бичгийг зохион хэрэглэх зарлигуудыг гарган хэрэгжүүлсэн байна. 1026 онд онд кидан, тангудууд Ганьжоугийн уйгарын улсыг довтолсон ч уйгарчууд довтолгооныг няцаав.[2] Ганьжоугийн уйгарын улс яваандаа Тангуд улсад эзлэгдсэн ба улсынх нь баруун хэсгээр суурьшиж байв. 1038 онд Юанхао өөрсдийг нь байнга дарамтлан, төвөдүүдийг тэдний эсрэг турхиран байдаг Хятадын хаанд дээр дурдсан шаардлагыг хүргүүлсэн байна. Сүн улсын хаан түүнийг зөвхөн хятадын эзэн хаанд зориулагдсан “Эзэн хаан” (Хуанди) хэмээн үзэхгүй амбан захирагч хэмээн үзэж байсан ч 1043 онд түүнийг эзэн хаан хэмээн Тангуд улсыг хүлээн зөвшөөрч жил бүр харилцан бэлэг сэлт солилцох болжээ. Юанхаог үхсэний хойно Лианзут (1048-1067) 2 настайдаа хаан болж, түүний эх төр барих болсон үед Тангудыг вассал улс болгох зорилгоор киданчууд довтолж эхэлсэн байна. Лианзутын дараагаар түүний дүү Бинчан (1067-1086) хаан болох ёстой байсан ч эх нь түүнийг гэрийн хорионд оруулан өөрөө төр барин Сүн улс руу цэрэг оруулсан нь амжилтгүй болж, Бинчан эрх мэдлээ олж авчээ. Түүнийг залгамжлан Чианшүн хаан (1086-1139) болоход түүний эмэг эх нөгөө хөгшин дахин төрийн эрхийг гартаа авч Кидан болон Сүн улсын эсрэг дайныг эхлүүлсэн ч хоёуланд нь цохигдсноор Чонзон (Чианшүний цол) Тангудыг шууд удирдах болж дайныг зогсоон дотоодын шинэчлэл хийжээ. 1115 онд зүрчидүүд (манжуудын өвөг) Киданы эсрэг бослого гарган тэднийг шахан Алтан улсыг байгуулснаар 1123 онд Киданы хаан Елүй Яанси Тангудад дутаан ирсэн байна. Түүнийг Алтан улсад тушаахыг шаардсан тулгалтыг Чонзон хаан биелүүлж, хүчирхэгжин гарч ирсэн Алтан улсад алба барих болжээ. Алтан улс Хойд Сүн улсыг мөхөөх үед тангудууд тэдэнд хавсран хэдэн мянган ам газрыг эзлэн авсан байна. Чонзоны дараагаар Рэншиао хаан (1139-1193) болмогц байгалийн олон гамшиг тохиолдон, түүний үе эдийн засгийн хохирлын эсрэг тэмцэл, сайжруулах явдал дунд өнгөрчээ. Түүний хойно Чинитү хаан (1193-1206) болсноос эхлэн Тангудад хээль хахууль өргөн дэлгэрч, эдийн засаг нь сулрахаас гадна монголчуудын эрин эхлэж байлаа. 1206 онд Анчуан төрийн эргэлт хийж түүнийг хороон өөрөө хаан болов. 1207 онд Чингис хаан Тангудад дайлаар орж Тангудыг алба бариулах болгосныг Монголын нууц товчоонд: “Хашин иргэний Бурхан элсэн “Баруун гар чинь болж хүч өгсү” хэмээн Чаха нэртэй охин Чингис хаанд гаргаж өгөв...гээд ...Тангуд иргэний Илаху бурханыг элсүүлж...” хэмээсэн байна. Анчуаны үед Тангуд Алтан улстай байлдахаас гадна авлига, хээл хахууль улам газар авч хүн ам нь ядууран доройтжээ. Түүнийг 1211 онд хаан ширээнээс буулган Зүншү (1211-1223) төрийн эрх мэдлийг гартаа авсан байна. 1216 онд Монголчууд Сартуул улсад дайлаар мордохдоо Тангудыг цэргийн дэмжлэг үзүүлэхийг холбоотны ёсоор хэлж элч илгээсэн авч Тангудын жанжин Аша Гамбу хүлээн авахыг эсэргүүцэн хаанаа ятгасанаар ёсоор болгуулжээ. Эндээс Чингис хааны “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр сануулж бай” гэдэг алдарт хэлц бий болсон болов уу. Зүншү 1223 онд өнгөрч орыг нь Дэван (1223-1226) залгамжлав. Чингис хаан 1226 онд Тангудад довтлон орж Алшаад байсан Аша Гамбуг даржээ. Энэ онд Дэван тулалдааны үеэр алагдаж, Тангудын сүүлчийн хаан нь Сянь, Моди цолтойгоор 1226-1227 онд хаан суув. 1227 онд Монголчууд Яргай хотыг авч, Түрэмгий балгасыг довтолж байхад Сянь монголчуудад буун өгч өөрийн биеэр бэлэг сэлт аван хүрч ирснийг Чингис хааны зарлигаар Толун чэрби (зарим бичлэгт Чингис хааны хүү Толуй хэмээн ташаарах нь бий) цаазлан хороож Монголчууд Тангудын газар нутаг, ард иргэдийг шууд захиргаандаа оруулжээ. Энэ тухай МНТ-нд “Тангуд иргэнийг дагуулиж, Илаху бурханыг “Шударга” болгож, түүнийг бүтээж, Тангуд иргэний эх эцгийг ургийн ургаа хүртэл мохол мушгилыг үгүй болгон, “Идээ идэх зуураа ч мохол мушгил үгүй хэмээн, үхүүлэн эцэтгэн хэлж байгтун” хэмээн зарлиг болов” гэжээ. Ингэж Тангуд улс мөхсөн хэдий ч Тангудууд уугуул нутагтаа аж төрөн ёс заншлаа хэвээр хадгалан байхаас гадна Юан гүрний үед хятад бус хүнийг төрийн албанд авдаг байсан учир төрийн албанд зүтгэж байв. 13-р зууны үеийн Тангудуудын тухай Марко Поло: “...хүн ард нь худалдаа хийдэггүй, газар тариалан мал аж ахуй эрхлэнэ...Тэдэнд өөрийн сүм хийд олон буй. Сүм хийдэд нь зүйл зүйлийн онгон маш олон бөгөөд нутгийн ард иргэд тэдгээрийг үлэмж тайн тахиж догшуулна...хонио гаргаж шараад, онгодыг ихэд хүндэтгэн тахил өргөж...мөргөл үйлдэж дууссаны хойно онгонд өргөсөн махыг гэртээ аваачин ураг саднаа дуудан ёсорхон баяр хүндэтгэлтэйгээр хуваан иднэ. Ясыг нэгэн хайрцагт цуглуулан хийж даллага авна...хүн нас барахад зурхайчийг залж ирүүлээд, түүнд талийгаачийн төрсөн өдөр цагийг тодорхой дурдатган хэлэхэд, зурхайч төлгө буулган шарил хайлуулах өдрийг товлон тогтоож өгнө...Заримдаа төлгөч бас талийгаачийг үүдээр гаргавал муу юм тохиолдоно хэмээн айлддаг бөгөөд чингэсэн үед өөр хаалгаар гаргах, хааяа хана туургыг эвдэж гаргах удаа ч тохиолдоно...Сүм хийдүүд нь үй олон онгонтой бөгөөд зарим том нь 5 алд хүрнэ. Онгодыг шавар, мод, чулуугаар үйлдээд цөмийг алтдаж маш сайхан хийжээ. Гол дунд нь том онгоноо залаад түүнийг олон олон жижиг онгодоор хүрээлүүлсэн нь чухам гол онгондоо цөм мөргөн сөгдөж буй мэт үзэгдэнэ... ” гэсэн байдаг. Мөн тэрээр тэр үеийн Тангудад багтаж байсан Күмүл буюу Хами болон Гингинталас мужуудын тухай сонирхолтой тэмдэглэл үлдээсэн байдгаас товчилбол: “...Күмүлийн хүн ард нь хөхиүн баягалантай, шавиагаа ханатал дуулж хөгжимдөн, бүжиглэн цэнгэнэ. Зочин гийчин ирвэл найрсаг сайхнаар хүлээн зочилж, гэрийн эзэн эхнэртээ зочны аливаа хүссэнийг гүйцэлдүүлж байхыг сануулан тушаагаад, өөрөө аль нэг ажлаар гадагш одож, 2,3 хоног эс эргэж ирнэ. Тэр завсар зочин түүний эхнэртэй энгэр зөрүүлж аль хүссэнээ үйлдэн тааллаараа байна. Эмс охид нь үзэсгэлэнтэй, хөхиүн бөгөөд ужид цэнгэлд дуртай авай. Татарын (Монголын) Мөнх хаан ширээнд байхуй цагтаа энэ тухай олж мэдээд энэ ёсыг халж, зөрчсөн этгээдийг хатуу гэсгээх зарлиг буулгасан ч Күмүлийнхэн хуралдаж хэлцээд “Бурханы таалал, дээдсийн захиасаар буян арвижин, муу муухай зовлонгүй байхын тул эмс бүсгүйчүүдээрээ харийнханд найр тавьдаг” учраа гарган, урьдын заншлыг хэвээр үлдээхийг гуйн айлтгасан байна. Мөнх хаан үүнийг сонсоод урьдын хэвээр нэр нүүрээ гутаан барахыг хүсэж буй бол дураараа бологтун хэмээжээ. Тийнхүү тэд уг заншлаа сахисаар эдүгээ ч дагасаар бөлгөө...Гигинталас мужид ууланд хорголж болон төмрийн хүдрийн баялаг уурхайтай, мөн саламандра олборлон авдаг судал бий...Монголын их хаан энэ газар 3, 3-н жилээр захирагч томилон суулгаж эдгээрийг олборлоно... миний танил Зюрфикар хэмээх түрэг хүн тэнд захирагчаар байсан бөгөөд түүний яриагаар саламандрыг олзворлон буталж унгас шиг болгоод шавар шороог нь усаар угаан утас мэт зүйлийг нь үлдээн ээрч ёрог бөс нэхнэ. Тэр ёрог бөсөө галд шатаан улайсгахад цас мэт цайдаг ба сүүлд толбо хир болбол галд шатаан арилгана. Их хааны Папа ламд бэлэглэн илгээсэн хоёр ийм ёрог бөс Ромд буй бөгөөд түүгээр манай Ийсүс Христос бурхны ариун жанч баринтаг үйлджээ...” гэсэн нь тэр үед Монголын харъяанд байсан олон улс үндэстний хүмүүс ядарч зүдрээгүйгээр барахгүй ёс заншлаа хадгалан байсан ба Монголын их хаад уул уурхайг дорвитой хөгжүүлж, тухайн үеийн ховор нандин зүйлсийг бүтээн бусад улсад бэлэглэж байсны баримт болох юм. Тангуд Улс нь бурханы шашныг ихээхэн хөгжүүлсэн ба Тангудын Буддизм нь Төвд болон Хятадын нөлөө багатай, харин Киданы буддизмтай ихээхэн төстэйгээс гадна Киданаас орчуулсан шашны бүтээлүүд нэлээн хэмжээгээр олдсон байна. Хаадыгаа Бодисатва хэмээн үздэг байснаас Монголчууд Илаху бурхан хэмээдэг байсан ч байж болох юм. Мөн несториан болон муслим шашин, күнзийн суртлууд ч оршин байсан ба буддизм нь сажийнхаасаа илүү гармапагийн урсгал зонхилон байсан гэж үздэг. Хаад нь бүхий л шашныг адил харж үзэхээс гадна лам нарт эрх олгодог байсан бөгөөд засгийн зөвшөөрөлгүй ламын үйл ажиллагаа явуулбал нэлээн хүнд цээрлэл оногдуулдаг байжээ. Тангудууд хонь, тэмээ үржүүлэн газар тариалан эрхлэн байхаас гадна олон хот суурин байгуулж, сүм хийд олныг бүтээсэн байна. Мөн ангийн зориулалттай шонхор шувуугаараа алдартай байв. Одоогийн Өвөр Монголын нутаг Алшаа чуулганы Эзний хошуунд Гашуун нуур байсны орчим цайзат хэрмэн хана, харуулын цамхаг, суварганы үлдэгдэл бүхий “Хар хот”-ын балгасыг Марко Пологийн тэмдэглэн үлдээсэн Тангудын Эзний хэмээх хот мөн хэмээн үзэх болсон ба эндээс олдсон археологийн дурсгалууд нь эртний Тангудын өв соёлын үнэтэй өгөгдөхүүн болж байна. 1907 онд Козлов П.К торгуудын ноён Даш бэйлээс зөвшөөрөл авч анхны малтлагыг хийснээс хойш олон удаагийн судалгаа шинжилгээний ангиуд малтлага хийж олон мянган Тангуд хэл дээрх ном, хуйлмал болон гар бичмэл, модон бараас гадна шашны зураг, урлал, торгон зураг, барилгын материал, багаж хэрэгсэл олноороо олджээ. Мөн Юан гүрний үеийн дөрвөлжин үсэг болон Монгол бичгийн дурсгал олдсоныг Өвөр Монголын судлаач Чимэддорж судалж байгаа юм байна. Энэ хот анх 1032 онд байгуулагдсан бөгөөд Тангуд улсын худалдааны төв болон өргөжжээ. 1226 онд Чингис хаан уг хотыг эзлэн авснаас хойш, Хархорин, Занаду, Күмүл буюу Хамиг холбосон замын уулзвар болсон уг хот Монголчуудын удирдлага дор хөгжин цэцэглэж, Хубилай хааны үед 3 дахин өргөжин, Их Юан гүрний дараа Тогоон Төмөр хааны Хятадын Мин улсын эсрэг байлдах байлдааны бэлтгэл суурь хот болж байжээ. Торгууд түмний домгоор 1372 онд Монголын цэргийн жанжин Хар баатар Хятадын Мингийн цэрэгт энд бүслэгдсэн байна. Хятадууд хотын усны эх үүсвэр болсон Эзний голын гольдролыг өөрчлөн хотын гадуур урсгах болгосон байна. Хар баатар гэр бүлээ болон амиа хорлон цэргүүд нь хятадуудад алагдан хотоо автжээ гэхээс гадна нөгөө хувилбар нь Хар баатар хэрмийг цоолж цэргүүдийн хамт оргон гарчээ гэдэг ба үнэхээр хэрмийн үлдэгдэлд морьтой хүн багтах цөмөлсөн ором байдаг байна. Үүний дараагаар усан хангамж дутагдсан, хятадуудад талуулсан зэргээс үүдэн уг хот балгас болон хувирчээ. Тангудчууд тангуд хэлээр дор хаяж 16-р зуун хүртэл ярилцаж байсан ба одоо тангуд хэл бүрэн мартагдан мөхжээ. Одоо Ганьсу, Шинжиан мужуудад даньсян нэрээр 400,000 гаруй хүн, Сычуаньд цянь үндэсний 200,000 гаруй хүмүүс байдгийг Тангудуудын хойчис хэмээдэг байна. Эшлэл
|