Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Хархорум

Хархорум
Нутгийн нэр
Монгол: ᠬᠠᠷᠠᠬᠣᠷᠣᠮ
Каракорум
ТөрөлХуучин нийслэлийн балгас
БайрлалӨвөрхангай аймаг, Монгол
Ойрын хотХархорин
Солбицол47°12′37″N 102°50′52″E / 47.21028°N 102.84778°E / 47.21028; 102.84778Солбицол: 47°12′37″N 102°50′52″E / 47.21028°N 102.84778°E / 47.21028; 102.84778
Огноо1220
Хархорум, Монгол
Хархорум
Монгол Улс дахь байршил

Хархорум (Хархүрэм) буюу Каракорум хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол Улсын нийслэл хотыг Аураг ордноос тус хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгэдэй хааны үеэс албан ёсны нийслэл болсон юм. XIII зууны үед байгуулагдсан бөгөөд уг хот нь Мин улсаас явуулсан довтолгооны үр дүнд 1388 онд сүйдсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг болон ард түмний дунд уг хотын байсан газарт шинэ хот үүсгэн байгуулж нийслэл хот болгох санал санаачлага гарч байсан болно.

Түүх

Хархорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж. Хубилай хааны үед барин дуусгажээ. Тэнд хот суурин анх байгуулагдсан нь VIII зууны (Уйгур улс) үед холбогддог. Чингис хааны үед Хархорум нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ. 1232 онд Хархорумын гол хэрмийг байгуулжээ. 1235 онд хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Түмэн Амгалант ордныг байгуулснаар Хархорум хот улам ч өнгө жавхаатай болжээ. Түүний өмнөхөн Өгөөдэй хаан ор суусны 7-р он хөхөгчин хонин жил (1235 он)-ийн хавар Хархорум хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант ордныг барьж, 8-р оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сард олон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим ёслол үйлджээ. Ийнхүү Өгэдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад Монголчуудын зэрэгцээ “Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Перс, Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр “1500 албан хүн” Хархорумыг байгуулахад идэвхитэй ажиллаж байжээ. Ер нь хот байгуулалтад харь орны гар урчуудыг ашиглах явдал Хүннүгийн үед ч байсан.

Хотын гол хэсгийг тойруулан босгосон бэхлэлт хэрэм нь дөрвөн талдаа тус бүр нэг асар хаалгатай байсан ба Марко Пологийн мэдээгээр бол эргэн тойрны урт гурван бээр (4,92 км) хэмжээтэй байв. Археологийн шинжилгээний үр дүнгээс үзвэл хотын хэрмийн баруун хана 1500 метр, урд талын хана нарийн тодорхой бус, зүүн талын хана 1200, хойт хана 1100 метр урт болохыг тогтоожээ. (Н. Сэр-Оджав. Д. Баяр. 1977 оны Хархорум хотын шинжилгээний ангийн тайлан. 16-р тал)

1985 онд Шанхай хотноо хэвлэгдсэн “Хятадын Нэвтэрхий толь бичиг-Юань гүрний түүх” зохиолд “Хархорум нь дөрвөн ли, зүүнээс баруун тийш барагцаалбал хоёр ли хэмжээтэй” гэжээ ( 1ли = 576 метр )

Хотын баруун урд хэсэгт гадуураа дөрвөн талтай асар хаалгатай бат бэх хэрмэн дотор талд “Түмэн Амгалант” хэмээх алт эрдэнэс, шүр сувдаар чимэглэсэн хаант төрийн их ордон сүндэрлэж байв.

Орхонтал, Хархорины харагдах байдал

Ногоон зүлэг, цэцэг, навч алагласан Хархорум хотын хэрэм хойноос урагш, баруунаас зүүн тийш нэвт гарсан томоохон гудамжтай ба тэдгээр нь төв дундаа огтлолцож, хотыг дөрвөн тойрогт хуваагддаг байв. Үүнд нэгдүгээр тойрогт газар бүрээс ирсэн Мусульман худалдаачид, тэдний зах зээл голдуу, хоёрдугаар тойрогт Хятад худалдаачид, гар урчуудын зах зээл голдуу гуравдугаар тойрогт Эзэн хааны хатад, хөвгүүдийн орд харш болон Чингисийн Алтан ургийн ноёд дээдэс, их жанжидын байр, орд өргөө, дөрөвдүгээр тойрогт Будда, Христос, Лалын шашны сүм хийд, дипломат элч төлөөлөгчдийн буудал, мөргөлийн газар бүхий хот байгуулалтын хувьд нарийн зохион байгуулалтай том хот болжээ. (‎Ч. Далай. Өгэдэй хаан ба Хархорум хот, 22-р тал)

Олон тооны уран дархчуудыг авчирч ажиллуулснаас үзвэл монгол хаад Хархорумаа хөл ихтэй, хөгжил сайтай томоохон хот болгох гэж нилээд чармайж байжээ. Тухайн үеийн шилдэг уран дархчуудын бүтээсэн нэгэн томоохон бүтээл бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон түмэнд шагшигдаж байсан Мөнгөн мод болно. Түүнийг бүтээх ажлыг Мөнх хаан Францын нийслэл Парис хотын алдарт уран дархан Вильгельм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд, хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулан залжээ. Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь айраг олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс дан айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог байв.

Модны ёроол хавьд амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт хүн далд орохуйц зоорь бэлдэн модны голоор Ангелийг хүртэл бас нэг цорго үйлджээ. Эхлээд тэнд тулман хөөрөг хийсэн авч тэр нь олигтой хөөрөгдөж чадсангүй. Ундааг сөгнөх үйлчлэгч нар тэнд бэлэн хүлээж зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ.

Дэлхийн гурван том шашин болох Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлөгчид нийслэлд тус тусын үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд 1254 онд Мөнх хаан Хархорум хотод Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлөгчдийг ирүүлэн дэлхийн түүхнээ анх удаа онолын маргаан зохион байгуулсан байна.

Мөнх хааны үед 1256 онд Хархорумд байгуулсан Буддагийн "Хин Өн Гэн" буюу "Их Асарт сүм", "Читаван" зэрэг 12, Лалын 2, Христосын 1 нийт 15 тооны сүм дуган өөр өөрийн суртлыг номлож байжээ.

Эдгээр шашны болон иргэний сургууль, гэрийн буюу ордны сургууль соёлын газар, номын сан, архив, түүх судлах хүрээлэн Хархорумд ажиллаж байв. Их гүрний бүрэлдэхүүнд дээрх гурван гол шашинт улс, орнууд багтаж байсан болохоор тэдгээр шашинтны төвлөрсөн төлөөллийг нийслэлд буй болгох шаардлага урган гарчээ.

XIII зуунд Чингис хааны, үр ач нартаа нийт гүрний нутгийг хуваарилан өмчлүүлсэн тус тусын эзэмшил дээр Монголын хэд хэдэн улс буй болов. Тэдгээр нь Орос дахь "Алтан Орд", Иран дахь "Ил хан" буюу анхны хааны нь нэрээр алдаршсан "Хүлэгүгийн Улс" Дундад Ази дахь "Цагаадайн Улс" хожим 1260 оноос Хятадад байгуулагдсан Монголын "Юань Улс" зэрэг болно. Тэдгээр нь тухайн үеийн нөхцөл байдал, газар зүйн байрлалаас болж өөр өөрийн төв хоттой байв. Тухайлбал Ижил мөрний сав нутагт орших Батын Сарай, Бэрхийн Сарай, Иран дахь Монголын хаант улсын төв Тибриз мөн Цагадайн улсын нутаг болох Ферганд Андижан, мөн Бээжин, Багдад, Бухар, Самарканд зэрэг хотууд оршиж байв. Монголын хаад нийт гүрнийг Хархорум хотод төвлөрөн тэндээс удирдаж байсан болохоор их нийслэл нь мөн Хархорум байжээ.

Энэ бүхнээс дүгнэн үзэхэд XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл ирг‎эншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан болох нь судалгааны явцад тодорхой болж байна.

Kembali kehalaman sebelumnya