Хэрэйд
Хэрэйд НТӨ III зуун Хүннү улсын үед Хүннүгийн бүрэлдхүүнд байжээ. Хожим нь өмнөд Хүннү нь Хан улстай холбооны улс үүсгэн дагаж ороход Хэрэйдүүдийн зарим нь тэр дагаж орогсодын дунд байсан аж. Хятадууд Хэрэйд гэх үгийг Хэлүнь гэж дууддаг болохыг ӨвөрМонголын судлаачид нотлон өгүүлдэг юм. Хэрэйдүүд эрт цагтаа бөө шүтлэгтэй байсан бөгөөд Өмнөд Хүннүгийн Хэрэйд Бөө Бэх гэх ноён Хан улс мөхсөний хойно Чань-Аань хотыг эзлэн авч төрт улс байгуулж байсан баримт үлджээ. Гэвч энэ Хэрэйдүүд нь Хятадад уусан сураггүй болжээ. Умрад Хүннүгийн бүрэлдхүүнд байсан Хэрэйдүүд нь Сяньби, Нирун, Түрэг, Уйгар,Киданы үеийг бүтцээ хадгалан өнгөрөөж XII зуунтай золгожээ. Хэрэйдүүдийн гол цөм нь Хэрэйдийн ханлиг гэгдэж Орхон, Хэрлэн голуудын хооронд, Найманы зүүн талд нутаглаж байсан бөгөөд ханы орд өргөө нь Туул голын эрэг дээр голлон нутаглаж байсан гэдэг. Энэ Хэрэйдүүд Киданы үед Христийн шашинд орсон байсан нь Марко Пологийн тэмдэглэлд тодорхой байдаг юм. Чингис хааны бэр, Тулуйн эхнэр нь хэрэйд аймгийн несторын шүтлэгтэй Сорхагтани Бэки байсан бөгөөд Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх зэрэг түүний хөвгүүд хожим их хаад болсон билээ. ТүүхУгтаа хэрээ гэсэн үгэнд олон тооны "-д" нөхцөлийг залгаж бүтээсэн нэр гэж эрдэмтэд тайлжээ. Өөрөөр хэлбэл хэрээ шувууг өөрийн овог болон аймгийн онгон сүлд болгон шүтдэг овгийнхны нэр юм. Бас христос гэдэг шашны нэртэй холбосон тайлбар ч байдаг. Хэрээд аймаг нь Хятан, Алтан улсын үед монгол нутагт оршиж байсан томоохон хүчирхэг аймаг байсан юм. XIII зуунаас өмнө Хэрээд, жирхин, конкайд, сакаид, тумауд, албат, тункайд, хиркун гэдэг Хэрээдийн найман аймаг байжээ. Хэрээдийн гарал үүслийн талаар түрэг, монгол гэсэн хоёр ацан судалгаа байдаг. Судалгааны явцад монголын салбар аймаг байсан нь батлагддаг байна. Нутаг дэвсгэрХэрээдийн хожуухан үеийн нутаг нь Яг Ябган (Заг Завхан), Туул, Сэлэнгэ, Элсэн говийн хооронд байж баруун талаараа наймантай зах нийлж, хойд талаараа мэргидтэй хил залгаж, зүүн талаараа төв монголчуудтай нутаг савлаж, өмнөд талаараа тангудын Ся улстай хязгаар тулсан байжээ. Хятаны сүүлч, Алтан улсын эхэн үед Хэрээдийн хан Тоорилын зуны ордон нь Далан-Даваа гэдэг газар, өвлийн орд нь Онгийн голд байсан хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэжээ. Эдгээвпрходдр газрууд нь Орхон голын сав дагуу байгаа болно. Тоорилын баруун жигүүрийн цэрэг анги нь: Тулсутан, Джалсутанд, зүүн жигүүрийн цэрэг анги нь: Илат, Тарат (тариат), Айджиэ, Күтүкэн (Өтүкэн), Урут, Укрут, Ийлет, Тертит-д нутагладаг байжээ. Энэ нь Хэрээдийн ханы нутгийн хожуу үеийн мэдээ боловч тэд өвөг дээдсээсээ тэнд нутагшин суусан нь мэдээж юм. ХаадХэрээд аймгууд Хятан улсын (Х-ХI зууны) үеийн Зу-бу гурван аймгийн дотор багтаж байсан нь газар зүйн талаар гарцаагүй тохирч байна. ХI-XII зууны үеэр Хэрээдийн ханлиг нь хүчтэй болж, бараг бие даасан жижиг улс мэт болжээ. Хэрээдийн хан Маркусыг бас буюруг гэж нэрлэдэг байжээ. Хэрээдийн түүхэнд нэр нь үлдсэн хамгийн эртний буюруг хан бол Маркус болно. XII зууны эхэнд Маркус хан Хэрээдийн төр барьж байсан, тэр цагт татарууд хүчирхэг Хэрээдийн эсрэг хандаж нэлээд эв түнжингүй байжээ. Чухам ингэж Алтан улсад хараат байсан татарууд нь Хэрээдийн хан буюруг Маркусыг гэнэдүүлэн барьж, Алтан улсад хүргүүлэн модон илжигт хадаж амийг нь хороосон ажээ. Буюруг хан Маркус хоёр хүүтэй: нэг нь Куржакуз буюруг, нөгөө нь Гүр хан байжээ. Гэвч Маркусын хоёр хүү нь Хэрээдийн ханлигийн төрийн эрх мэдлийг тэр даруйд залгаж эзлээгүй. Маркусаас хойш Сарык хан гэгч (XII зууны эхэн үед) Хэрээдийг мэдэж явсан ажээ. Сарык ханы үед Хэрээдийг татарууд гурван удаа довтлон түйвээж зугатагсдыг нэхүүлж мөрдүүлэн тусгай баг цэргээр үлдэгсдийг тонуулсан хэмээн Рашид-ад-Дин бас бичжээ. Түүний дараа Сарык хан Орхон голын эхэнд орд бууж, алчи татарын 70 овгийг гэнэдүүлэн дарахаар цэрэг сэмхэн зэхэж байгаад Сарык ханы нэг цэрэг татарт очиж нууцыг задруулан мэдээлснээс болж сэрэмжгүй байсан Сарык хан татарын цэрэгт тэндээ цохигджээ. Сарык ханы хамт тулалдааны газраас Тарбай каян хэмээх эмэгтэй зугатан гараад: "Бид дээдэс доодсыг хорсгон гомдоож байлаа." гэж хэлэхэд "Энэ эмэгтэй зөв хэлж байна" гэж Сарык хан хүлээн зөвшөөрч байжээ. Үүнийг хянаж үзвэл, Хэрээдийн ноёлох хэсгийн захирлага ширүүсэж, ардын хилэн тэмцэл ихтэй байсан нь илэрхий байна. Түүнээс хойш Хэрээдийн ханлиг үнэндээ татарын мэдэлд түр оржээ. Сарык хан татаруудад ялагдсаныхаа дараа Хажир хэмээх хантай хамтран цэрэг хуралдуулж, татарыг довтолж Хэрэйчин ханлигийг татараас ангижруулан авчээ. Тэр цагт Куржакузын ахмад хүү Тоорил эх Илма хатны хамт татарт олзлогдоод байсныг бас авран гаргажээ. Илма хатанд сэтгэлтэй болсон Элжидайг Хэрээдэд үүрд өгсөн гэнэ. Сарык хан хзрэйдийн ханлигийг хэдий хүртэл мэдэж явсныг лавлан мэдэх баримт байхгүй. XII зууны эхэн хагасын эцсээр Хэрээдийн ханлигийг Маркусын ууган хуү Куржакуз (Сарык ханы хургэн) мэдэх болсон байна. Куржакуз буюруг Тоорилоос гадна бас бус олон хөвүүнтэй байсан гэдэг. XII зууны эхэн хагаст Хэрээдийн дотор ноёлог ёс хөгжиж, хан хөвүүдийн эрх мэдэл ахиж, бие биеэс тэргүүлэн гарахыг оролдох болсон байна. Куржакуз буюруг хан өөрөө Орду-Балагасун (одоогийн Хар балгас)-нд нутаглаж, дүү Гүр хан, ахмад хүү Тоорил нарт Яг-Ябган (Заг-Завхан) гэдэг газрыг захируулахаар шийдвэрлэж, бусад хүү Юла-Магус, Тай-Тимур тайш нарт Каргас-Буругус гэдэг газрыг мэдүүлэхээр тушаасан байжээ. Тэгээд хэлсэн нь: Хэрэв тэд цуг байвал эвлэхгүй, миний үхсэн хойно эд өглөөнөөс шөнө хүртэл, шөнөөс өглөө хүртэл Хэрээдийн улсыг үлдээхгүй гэжээ. Куржакуз буюруг хан тийм ч шалтгаанаар хөвүүдээ ангид салангид байлгасан гэж түүхэнд тэмдэглэжээ. Тоорил ханы үеКуржакузын нас барсны дараа Тай-Тимур, Бука-Тимур нар эцгийн даатган өгсөн нутгий нь захируулахаар Тоорилыг явуулж, Хэрээдийн хан ширээг эзэлсэн байна. Гэвч Хэрээдийн ханлигийн эрхийг Куржакузын хөвуүд жинхэнэ барьж чадаагүй, харин урьд Илма хатныг дагаж ирсэн Элжидай хэрэг дээрээ Хэрээдийг захиран мэдэж байх болсон ажээ. Тийм учраас Тоорил: "Одоо яагаад улс захирах явдлыг Элжидайд олгов" гэж Тай-Тимур тайш, Юла-Магус хоёроос асууж байжээ. Тоорил тийнхүү Хэрээдийн эрхийг булаан авах замд орсон байх бөгөөд түүнээс хойш Тоорил аян шалтаг олж, зарим дүү нараа алж, заримыг хөөж, эцгийн суурийг эзэлжээ. Энэ нь XII зууны дундуур үед болсон хэрэг явдал ажээ. Түүнээс хойш Хэрээдэд үнэндээ хоёр хан сууж, хан ширээг булаалдах ширүүн тэмцэл тасралтгүй үргэлжилж Хэрээдийг төрийн талаар сулруулж байжээ. "Хоёр наран ургаваас Худгийг усан-баар хугаюу (ширгэюү) Хоёр хаан сууваас Хамаг улсаа баръюу” гэж Наймалчин гэгч эмгэн Тоорилд зэмлэн сургаж байсан тухай мэдээнээс үзэхэд, Хэрээдийн ханлиг нь тэр үеэр хан ноёдын хоорондын хямрал тэмцлийн хөлд ихээхэн нэрвэгдэж байсан нь тодорхой. Тэр тэмцэлд Хэрээдийн өрнөд дорнод хөршийн хаад, ноёд шууд оролцож эхэлсэн байна. "Миний ахын нулимс нь бас л эгшээгүй, нугас нь хөшөөгуй байхад, чи ахаа алж, дүүгээ сөнөөж байх. Улс маань хэрхэн үлдэж хоцрох вэ?" гэж Гүр хан Тоорилыг донгодон хэлж, түүнийг талж зугадуулсан гэдэг. Ингэж Тоорилыг түүний авга Гүр хан эсэргүүцэж эхэлсэн ажээ. Тоорил дарагдан зуугаад хүнтэй зугадаж, монголын Есүгэй баатарт ирэхэд Есүгэй "энэ хүнтэй бид нөхөрлөвөл зохино" гэж Тоорилтой Туулын Хар-Түнэ (шугуй)-д анд бололцож, Гүр ханыг довтолж зугатуулан, Тоорилд Хэрээдийг эзлүүлсэн байна. Хэрээд ба МонголчуудЕр нь Хэрээд Монголчуудын анд бололцох явдал үүгээр эхэлсэн биш Хэрээдийн Сарык хан монголчуудыг "дүүс" маань гэж үзэж, монгол, хэрээд хоёр хоорондоо гэрлэхгүй, найрамдан явахыг сануулж байжээ. Монголчууд, Сарык ханы хүч суларсныг харгалзан тэдний хүн бүрт арав арван морь өгч тэнхрүүлж байсан удаа бий ажээ. Түүгээр ч барахгүй, Ван ханы авга Гүр хантай Амбагайн хүү Хадаан тайш сайн харилцаатай байжээ. Хэрээдийн ханлиг XII зууны хоёрдугаар хагаст дотооддоо төрийн тэмцэлтэй, бутархай байсны дээр, түүний хөрш Найманы ханлиг, Тангудын Ся улс, Хар Хятан улсын уулга довтолгоонд Хэрээд эрсэдсээр байсан байна. Энэ нь Хэрээд аймгийн холбооны дотоод төрийн тэмцлийг улам гүнзгийрүүлж, Хэрээдийн ханлигийн эрх мэдэл Тоорил, түүний дүү Эрх Хар хоёрын гар дамжин байсаар Хэрээдийн ханлигийг доройтуулахад хүргэсэн байна. Хэрээд аймаг христос шашин шүтдэг байсан гэж XIII зууны Сирийн нэгэн түүхч бичсэн байдаг.
Орчин үедМонголчуудын дундХэрэйд хэмээх нэртэй овог аймаг өдгөө Монгол Улсын Халх ястан дунд, мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орон дахь Ордос, Баарин ястнууд дунд бий. Монголчуудын дундах хэрэйдийн гол төлөөлөгч нь торгууд юм. Халимагуудын дийлэнхийг торгууд бүрэлдүүлдэг байсан бөгөөд одоо ч хэвээрээ байна. Махчин хэрэйд зэрэг овогтой торгуудын ноёд угийн бичгээ Хэрэйдийн Тоорил ханаас эхлүүлэн бичдэг байжээ. Түрэгүүдийн дундКазахийн дунд ордод 2сая гаруй хэрэй овогтой хүмүүс байдаг бөгөөд Монгол дахь казахуудын 99 хувь хэрэй овогтой Шиньжяний сая гаруй казахуудын дийлэнх нь найманчууд бол үлдсэн хэсгийн нилээд нь дулат (долоод) зэрэг монгол гаралтай байж болох хүмүүс юм. Мөн зарим түрэг хүн 12-13-р зууны зарим хэрэйд, татар, тайчууд зэрэг зарим монгол аймгуудыг хамтад нь нэрлэж байсан хар татар гэсэн нэрний хар (түрэгээр кара) гэсэн үг сунжирч кереи болсон, хар татарууд түрэг хүмүүс байсан гэж тайлбарладаг нь үндэсгүй юм. Эшлэл
|