Далан Балжудын арван гурван хүрээний байлдаанДалан Балжудын арван гурван хүрээний байлдаан бол 1192/1194[1] онд Тэмүжин, Жамуха нарын дунд болсон томоохон байлдаан, мөн Чингис хааны ялагдсан анхны байлдаан юм. Өрнөл1189 онд Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт Хотула ханы хөвүүн Алтан отчигин, Нэгүн тайшийн хөвүүн Хучар бэхи, жүрхин аймгийн Сача бэхи, Бартан баатрын хөвүүн Даридай отчигин нар 28 настай Тэмүжиний өмнө тангараглан Хамаг Монголын ханд өргөмжлөв. Энэ хуралдайд зөвхөн Хабул ханы удам хиад аймгаар төвлөрсөн 13 аймаг хүрээнийхэн оролцож, Тэмүүжинийг ханд өргөмжилсөн. Харин Бодончорын удмын бусад салаа, Тайчиудын Амбагай ханы удмын язгууртнууд, Жадараны Жамуха болон Добу мэргэн, Дува сохорын үр удмын Хатагин, Салжиуд, Дөрвөн овгийн ихэс дээдэс дургүйцэж, Жамухаар төвлөрч, нэгэн бүлэглэлийг үүсгэжээ. Алтан, Хучар нар Тэмүүжинийг хан өргөмжилсөн ноёдод дургүйцэж, үг хаяжээ. Судрын чуулганы мэдээгээр Жамуха бол Тумбинай сэцний 7-р хүү Удур баяны удам, Монголын Нууц Товчооны мэдээгээр Бодончарын хөвүүн Жажирдайн удам бөгөөд Жадаран овгийн эзэн. Үйл явдалЭнэ явдлаас хойш Жамухын дүү Тайчар тэргүүтэй хэсэг хүмүүс Тэмүжиний адууг хулгайлж байгаад, адуучин жалайрын Жочи Дармалад нуруугаа хугалуулж алуулснаар, Жамуха дүүгээ алагдсанд өс санаж дараах 13 хүрээг цэгцлэн 3 түмэн цэргээр Алагугууд, Турхагуудаар давж Тэмүжинг довтолжээ.
Жамухын цэргийн дотор явсан Ихирэсийн Буту хүргэний өөрийн Мүлхэ Тутаг, Боролдай гэсэн хоёр хүнээр Тэмүжинийг Хүрэлхүд нутаглаж байхад хэл дуулгав. Ингээд Тэмүжин өөрийн мэдлийн 13 хүрээнээс цэрэг татан, 3 түмт болгож мордоод Далан Балжуд гэх газар ирсэн. Онон Балжийн Далан Балжудад Жамухын цэрэг Тэмүжиний 13 хүрээний цэрэгтэй тулалдахад Тэмүүжиний цэрэг Жамухад ялагдан ухарч, Жэрэнэ хавцалд шурган оржээ. Жамуха тэргүүтэй их цэрэг Чоносын хүрээний ноён Цагаан гоогийн толгойг цавчин, морины сүүлд уяж, далан цэргийг нь тогоонд чанаж харгислал үйлдээд, нутгийн зүг буцсан. Үр дүнТэмүүжиний тал Далан Балжудад ялагдаж Жэрэнэ хавцалд хоргодосны дараа Жамухын талд байлдаж явсан Уруд, Мангуд хоёр хүрээ дагаар ирснээр байлдаанд ялагдсан ч, эцсийн дүндээ ялалт байгуулж чадсан. Учир нь энэ хоёр аймаг бол Чингис хааныг 1206 онд Их Монгол Улсаа байгуулах хүртлэх бүх дайнд манлайд байлдан, дайны ялалтыг авч ирэх хүч болсон юмаа. Эшлэл |