Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Үнгүр

Үнгүр[1] (перс: اونگور نویان, ūngūr nūyān; хятад: 翁古兒[2], пиньинь: Wēng gǔ er, латин галиг: Öṅggür[3]/Üṅgür[2]) бол монголын хиад чаншиуд овгийн Мэнгэтү хианы хөвүүн бөгөөд Их Монгол Улсын мянгатын ноён, Чингис хааны буурч юм.

Түүх

Тэрээр хиад аймгийн Бартан баатрын хөвүүн Мэнгэтү хианы хөвүүн тул Тэмүүжиний үеэл ах болно. Тэмүүжинийг гэргийгээ Мэргидэд булаалгасны дараа Тоорил хан, Жамухын хамт Мэргид рүү дайрахад Тэмүүжинийг дэмжин оролцсон. Улмаар Жамуха, Тэмүүжин хоёр хамт нэг жил хагас цуг нутаглаж хагацсны дараа Үнгүр ноён өөрийн харьяат баяуд аймгаа удирдаж, Тэмүүжинийг түшихээр иржээ. 1189 онд Тэмүүжинийг Хамаг Монголын Ханд өргөмжлөгдсөний дараа Үнгүрийг буурчиар томилсон.

1192/1194[4] онд Даланбалжудын арван гурван хүрээний байлдаанд өөрийн цэргээ захирч, нэгэн хүрээ болж байлдаанд оролцсон. 1206 онд Чингис хаан эсгий туургатныг нэгтгэж, Их Монгол Улсаа байгуулж, их хуралдайд Чингис хаан, Үнгүр буурчид өгүүлрүүн: "Мэнгитү хианы хөвүүн Үнгүр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргууд, чаншиуд, баяудаа дагуулж нэгэн хүрээ болж

       Будан мананд төөрөлгүй

       Булаалдах дайн салалгүй

       Нойтонд хамт норж

       Хүйтэнд хамт хөрж

       Явав чи

Одоо ямар соёрхол авах вэ, чи?" гэвэл Үнгүр өгүүлрүүн: "Соёрхлыг сонгуулбал хамаг баяд ах дүү нар, хамаагүй бутран тарж байна. Хаан соёрхвол, баяд ах дүү нараа цуглуулан захиръя" гэвэл, "Тэг, Баяд ах дүү нараа цуглуулж мянганыг чи захиртугай!" гэж зарлиг болов.[5] Бас Чингис хаан зарлиг болруун: "Борохул Үнгүр та хоёр, буурч түгээгч болж, баруун зүүн этгээдэд барих идээг түгээж, баруун талын хүмүүст байр байраар олгож, зүүн талын хүмүүст зүй зүйгээр өгч идээ хүнсийг түгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ. Үнгүр Борохул хоёр морилон явж олон хүнд идээ ирэг сөнгийн баруун зүүн этгээдэд идээ базааж бэлтгээд "Та хоёр, Толунтай хамт төвлөн суугаад идээг түгээж байгтун"[5] гэж суурийг зааж өгөв.

Эшлэл

  1. Зарим номонд Өнгүр гэж бичдэг.
  2. 2.0 2.1 "Монголын Нууц Товчоо: 120-р зүйл Wikisource". ja.wikisource.org (япон хэлээр). Татаж авсан: 2024-01-02.
  3. Т, Дашцэдэн (2009). Монголын нууц товчооны галиг (2 ed.). Улаанбаатар. p. 62.
  4. П., Дэлгэржаргал (2019). Их Монгол Улс- Монголын эзэнт гүрний түүх. Улаанбаатар: МУИС. pp. 189–190.
  5. 5.0 5.1 "Монголын Нууц Товчоо: 213-р зүйл".
Kembali kehalaman sebelumnya