Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Урианхай

Баруун Монголд нутаглах Алтайн Урианхайн Манжийн үе дэх Зүтгэлт гүний хошууны нутгийн зураг.

Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг болохын дээр гарал үүслийн хувьд Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй ястны нэг юм. Зарим түүхэн сурвалжид уг аймгийн нэрийг Урианхан гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд дайн байлдааны тэргүүнд уриалан дайтдаг зоригт баатар эрстэй овог аймаг байсан тул Уриа аймаг гэх болсон бол сүүлд олон тулаанд байгуулсан ялалт, гавьяаг үнэлэн Хан өргөмжилж УРИАНХАН аймаг болсон гэдэг.

Түүх

Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сяньби улсын үеэс эхлэлтэй гэж эртний хятад сурвалжид тэмдэглэсэн байдаг. Сяньби аймаг МЭӨ III зуунд үүссэн бөгөөд МЭ II зуунаас ханлиг улсаа байгуулж яван юм. Зарим түүхчид Сяньби аймгийн нэр сунжирсаар Шивэй болсон гэж үздэг. Сяньби дотор урианхай байсан гэх нь Шивэй аймагт багтаж байсныг хэлсэн байж болох юм. Эртний өвөг монгол аймаг болох Шивэй-Монгол аймаг нь Урианхай, Хамаг Монгол, Олхонууд, Тайчууд, Хонгирад, Элжигэн аймгийн өвөг дээдэс нь болдог. Шивэй аймаг нь VI-XII зууны үед одоогийн Монгол улсын болон өвөр Монголын зүүн, Манжуурын хойд хэсэг (Агнуурын тэнгис орчим) нутаглаж байжээ. Тэдний дотор үндсэн 4 овог байсан бөгөөд үүнд Их шивэй (Тайчууд), Мэнгу шивэй (Хамаг монгол), Улоху (Олхонууд), Улянхай (Урианхай) нар юм.

Монголчуудыг Нирун, Дарлиган гэж 2 ангилдаг. Дарлиган Монгол аймагт Урианхай багтдаг. Урианхайчууд нь Эргүнэ Хүний домогт өгүүлснээр VII зууны үеэс анхны Монгол аймгийг Хиан (Боржигоны өвөг), Нукуз аймгуудын хамтаар үүсгэн байгуулсан гэдэг бөгөөд энэ байгуулсан Монгол аймаг нь Дарлиган Монголчууд гэгддэг ажээ.

Эндээс үзэхэд Урианхай угсаатан нь цаанадаж МЭӨ III зуун, наанадаж МЭ VI зуунаас үүсэлтэй болох нь харагдаж байна. Үүнээс хойш:

  • VII зуунд Хянганы нуруугаар нутаглаж Монгол аймгийг үүсгэлцсэн (Эргүнэ гүний домог)
  • VIII-XII зуунд Хянган, Хэнтийн нуруугаар нутаглаж байсан
  • XII-XIII зуунд Хэнтийн нуруугаар нутаглаж Их Монгол улсыг байгуулалцан, нэгэн түмэн болж байв. 3 харуул урианхайчууд салбарлаж Ляонинд нутаглав.
  • XIV-XVI зуунд Хянган, Хэнтий, Хангай, Хөвсгөлийн уулсаар нутаглаж ихэд хүчирхэгжив. Хөвсгөлийн урианхай салбарлаж тэдний ойр орчны угсаатaн (Сибирь, Саяны нуруу, Тагнын нуруу гэх мэт)-ыг бүгдийг нь урианхай гэсэн нэрээр нэрлэж эхлэв. Хянганы нуруу, Ляонинд салбарлаж суурьшсан, их хоригийг сахисан урианхайчууд харчин, ордос зэрэг аймгуудыг үүсгэх болов. Хангай Хэнтийн нуруугаар нутаглаж байсан урианхайчууд хүн ам ихэд өсөж, шинэ тутам үүсэн гарч байсан халх угсаатны тал хувийг бүрдүүлж байв. Батмөнх даян хаан тэргүүтэй алтан ургийн хаадууд урианхайг хэт хүчирхэгжихээс сэргийлэн (их дайнч аймаг байсантай холбоотой байх) хэсэг хэсгээр тараах болсон ба үүнээс болж урианхайгаас бослого үймэн хүртэл гарч байв. Энэ үеийн урианхай Хэнтийн нуруунд багахан үлдсэн ч ихэнхийг нь Алтайн нуруунд шилжүүлэн нутаглуулсан байна.
  • XVII зуунд урианхайн зарим нь Зүүн гарын хаант улсад харъялагдаж, зарим нь хил залгаа Засагт ханы мэдэлд орж байв. Энэ үед Засагт ханы мэдэлд байсан урианхайчууд нийт зүүн монголын хамтаар манжид хамаарах болов.
  • XVIII зуунд Зүүн гарын мэдэлд байсан Алтайн урианхайчууд манжид эзлэгдэв.

Их Монгол гүрний үед Урианхай аймгийн эзэн захирагч Зэлмэ жанжин бол Их Монгол Улсын Чингис хааны хамгийн алдартай цэргийн жанжин байсан ба Монголын зонхилох том аймгийн нэг байв.

Сүүлд Монголын бутралын үед 500 гаруй жил Урианхайчууд нь тэр үеийн Алтайн Урианхай, Тагна уулын Урианхай, Тэлэнгэд аймгийн хамт (одоогийн Уулын Алтай БНУ болон Тува БНУ, Хакас БНУ, Алтайн хязгаар) Монголын Халхын Засагт ханы харьяанд байж байгаад хожим Зүүнгар улсын харьяанд орсон Хотгойд аймгийн ноёны харьяат газар нутаг, хүн ард түмэн нь байв.

Монголын Хотгойдын ноён Шолой Уваш хунтайжийг оросууд Алтай хан, Алтан Хан гэх мэтээр сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Уваш хунтайжтай Оросууд анх гэрээ хэлэлцээр хийж, харилцан элч төлөөлөгчөө солилцсон байдаг. Тэр үед Шолой Уваш хунтайжийн оросуудад зарим газар нутаг түрээслэж болно гэх захидалыг үндэслэл болгон Оросууд Монголын нутагт эзэн суусан юм. Сүүлд Манж-Оросын Нэрчүгийн хилийн гэрээг хийхэд Шолой Уваш ханы дур мэдэн бичсэн тэр захидал шийдвэрлэх үндэс болсон юм.

Зүүнгарын Галдан Бошигт хаан Халхтай эв эдрэлцэн Засагт ханы харьяат Хотгойдын Шолой Уваш хунтайжийг цэрэг хөдөлгөн дарсан ба Шолой Уваш хунтайж ихэнх харьяат ард иргэдээ аван өмнө зүг нүүж Манжид дагаар орсон юм. Энэ дайнаас болж хязгаар нутаг хүнгүй, эзэнгүй болсныг далимдуулан Оросууд Монгол нутагт түрэн орж ирж, Байгаль нуур хүртлэх өргөн уудам нутгийг өөрийн болгосон түүхтэй билээ. Зүүнгар улсын Цэвээнравдан хаан, Галданцэрэн, Даваач хааны үед Урианхайчууд Зүүнгарын улсад харьяалагдаж байв.

Манжийн үед 200 гаруй жил Урианхайчууд нь Урианхайн Хязгаар гэдэг засаг захиргааны нэгжид харьяалагдан Манжаас томилсон Ховдын манж амбан захирагчид Алтайн Урианхай, Тагна уулын Урианхайн хошуудын хамтаар харьяалагдаж байсан.

Профессор А.Очир урианхан хэмээх нэрийг урианхан нь уриа (н), хан гэсэн хоёр үгээс бүтсэн бөгөөд эхний уриа нь уриа дуудлагын уриа, хан нь эзэн гэсэн утгатай үг бололтой. Эл хоёр үг нийлээд уриан эзэн, уриан хан буюу онгодын эзэн гэсэн утга илтгэсэн байж мэднэ гэж үзсэн байна.[1]

Алтайн урианхайчуудын түүхээр дорвитой бүтээл хийсэн эрдэмтэн бол Ц.Гантулга юм. Тэрбээр урианхайчуудын гарал, үүслийн талаар тодорхой мэдээлэл авахад “Эргүнэ хунгийн домог”, “Монголын нууц товчоо” хоёр онцгой ач холбогдолтойг дурджээ. Эхний домгоос авч үзвэл лавтай 2000 жилийн асуудал яригдах юм. Тэгэхээр гарцаагүй язгуурын Монгол аймгийн тухай яриа гарна гэсэн үг.

Тэр үеийн аймгууд үргэлжийн дайн, дажинтай байсан бөгөөд нэгэн дайнаар хоёрхон хүн амьд үлдсэн нь эр, эм хос бүлгээ гэжээ. Тэд амь гарахын тулд хүн байтугай араатан хүршгүй газар зайлан одсон байна. Дүрслэн хэлбэл, нэгэн нарийхан жимийг эс тооцвол явахад нэн бэрх хад асга, ой модтой газар гэх.

Энэ нутгийг Эргүнэ Кун гэмой. Тэр хоёр хүнийг Нукуз, Киян хэмээнэ. Тэр хоёроос төрсөн үр сад нь дөрвөн зууны турш өсч үржээд олон овог болжээ. Тэдэнд нутаг ус нь давчдах болжээ. Ингээд тэндээс гарч ус ургамал, ан гөрөөс элбэгтэй газар бараадахаар шийджээ. Ингэхийн тулд далан толгой шар үхэр, адуу нядалж ширийг нь туламлан хөөрөг хийгээд нүүрс, тосоор дүүргэн их хэмжээний гал өрдөн төмрийн хүдэртэй хавсарган дэлбэлж их уулыг сэтлэн зам харгуй гаргасан байна. Тэр замаараа гаран салбар болон салж одоцгоожээ.

Тэгэхэд уриа дуудлагаар оройлон оролцож зам гаргасан Нукузын үр сад овог аймаг болохдоо урианхайчууд болжээ. “Судрын чуулган”-д өгүүлснээр бол эртний Монгол аймгуудыг дурдахдаа эхэнд нь нукуз, урианхай хэмээн өгүүлээд явсан нь бий. “Эргүнэ хунгийн домог” 2000 жилийн түүхтэй хэмээвээс Хүннүгийн үетэй холбогдох юм. Тэгэхээр урианхайчууд тэр үед ч бие даасан аймаг байсан нь таарч байгаа билээ. Рашид-ад-дин ч “Судрын чуулган”-даа зүгээр нэг дурдаагүй болов уу. Тэрхүү суут хүн тухайн үеийнхээ шилдэг баримт дээр тулгуурлан алдарт бүтээлээ туурвисан нь мэдээж билээ. “Монголын нууц товчоо”-нд чухам юу гэж өгүүлснийг одоо товчхон хүргэе. Тэнд урианхайчуудыг “Бурхан Халдуны эзэн, бурхан босгосон Шинчи баян урианхай” хэмээн өгүүлжээ. Хорь Түмэдийн нутгаас Хорилардай мэргэн удам төрлөө дагуулж Бурхан Халдуны эзэд болох Шинчи баян урианхайг түшихээр ирлээ гэсэн нь ч буй. Чингис хаан төрөхөд урианхай үндэстэн Жарчудай өвгөн булган өлгий бэлэг болгосон түүх ч буй.

13-р зуунд буюу Их Эзэн Чингис хааны үед Урианхай аймгаас Зэлмэ, Сүбэдэй зэрэг олон баатарлаг жанжин төрөн гарч байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Чингис хааны есөн өрлөг жанжины нэг Зэлмэ нь Чингис хааны амийг гурвантаа аварч, цэргийн их жанжин Сүбэдэй нь Чингис хааны байлдан дагуулалтад онцгой үүрэг гүйцэтгэж байжээ. Дундад Ази, зүүн Европын улс орнуудыг Сүбэдэй жанжины удирдсан их цэрэг байлдан эзэлж байжээ.

Өдгөө мэдэгдэж байгаагаар урианхан (урианхай) нэр зүүсэн хэдэн бүлэг байна. Урианхай хэмээх адил нэр зүүсэн тэдгээр угсаатны бүлгүүд нь нийтлэг нэг гаралтай юм уу, эсвэл нэр ижил боловч түүхэн гарал нь өөр аймагууд байсан уу гэдэг нь одоо болтол тодорхой болж чадаагүй байна. Үүнээс үүдээд урианхай нэр зүүгсэдийн түүх, угсаа-хамаарал, нутагшилт зэрэг нэлээд асуудал нь маргаантай байна. Одоо бидэнд мэдэгдэж байгаагаар урианхай хэмээх нэр манай тооллын Х зууны эхэн үеийн хэрэг явдалтай холбогдон түүхэнд тэмдэглэгдсэн бололтой.[2] Тэр цагаас хойш түүхийн янз бүрийн үед урианхай хэмээх нэрийг хятад дүрс үсгээр хэдэн янз тэмдэглэсээр иржээ. Ираны түүхч Рашид-ад-диний "Судрын чуулганд" Хэнтийн нурууны Урианхай, Ойн Урианхай нэр ижил боловч шууд холбоогүй, Ойн урианхай нь урц овоохойд суун ан агнан амьдардаг гэж бичсэн байдаг. Ойрадын Алтайн Урианхай, Хөвсгөлийн Урианхай, Халх Урианхай нар урианхай гэсэн нэрнээс өөрөөр өөрсдийгөө нэрлэдэггүй харин тувачуудыг тагна урианхай, тува, якутчуудыг саха урианхай, саха, якут гэсэн гурван янзын нэрээр нэрлэж байсан учир эрдэмтэд якут, тувачууд урианхай гэсэн нэрээр сүүлд нэрлэгдэх болсон гэж таамагладаг. Зарим якут хүмүүс одоо болтол урианхайтай өөрийн гарлыг холбон тайлбарладаг.

Оросын нэрт дорно дахиныг судлаач Н.В.Кюнер хятад сурвалжид Улянха хэмээх угсаатны нэр гардаг нь Урианхай аймгийн нэр мөн гэж үзсэн байна.[3] XVIII зууны үеийн хятад түүхэнд, XV зуунаас Хянганы нуруугаар нутагласан урианхай нарыг эртний Кумоси нарын удам хойчис гэж өгүүлсэн байна.[4] Кумоси нар IV зууны үед түүхэнд нэр нь гарсан том аймаг аж. Урианхай хэмээх угсаатны нэр Х зууны эхээр түүхэнд мэдэгдэх болсон. Тэд 902, 963 онд Хятан улсад алба барьж, хөтөч хүн, алаг гөрөөс зэргийг хүргэж байв. Монгол сурвалж мэдээгээр, Чингис хааны дээд өвөг Добу мэргэний үед урианхайн зарим нь бурхан халдунд нутаглаж байжээ.[5] XII зууны үед урианхай нарыг дотор нь ойн урианхай, тал хээрийн урианхай хэмээн ялгадаг байжээ. Ойн урианхадын нутгийн өмнөд тал нь Хэнтийн уул, хойд тал нь Баргужин төхөм хавиар суугч хори түмэд, барга нартай зах залгаж байжээ.[6] Талын буюу язгууртны монголчуудын доторхи урианхай нар хойд талаараа ойн урианхайтай хаяа нийлэн Хэнтийн уулсаар нутаглан сууж байжээ.[7] Элжигидэй ноён XIII зууны эхнээс Хянганы нуруу, Их цагаан хэрмийн араар нутаглаж байжээ.

14-р зуунд Урианхай Ляонин, Хэнтийд хуваагдан сууж байв. Одоогийн Хятадын Ляонин мужид нутаглаж байсан Урианхайн Нагачу ноён 1388 онд Хятадын Мин улсад бууж өгөхөд түүний харъяат урианхайчуудыг Доён, Тайнин, Фү-юй гэсэн 3 харуулд хуваан Хятадын хил хамгаалуулах болсон байна. Эл урианхай нар бол XIII зууны эхээр Чингис хааны алтан ургийн ноён Элжигидэйд очсон урианхай нар мөн бололтой гэж зарим судлаачид үзжээ. Хэдийгээр дээрх 3 харуулын Доён харуулд урианхай нар сууж, нөгөө хоёрт нь Үжээд, Онглигууд байсан боловч зарим бичиг зохиолд Урианхайн гурван харуул, Урианхайн гурван хязгаар гэхчлэн тэмдэглэсээр иржээ. Монгол улс 14-р зуунд Хятадтай дайтан алдсан нутгаа эргүүлэн авсны дараа Урианхай түмнийг сэргээн байгуулжээ. Урианхайчууд Даян хааны үед бослого гаргасан тул Батмөнх Даян хаан Урианхай түмнийг бүрмөсөн тарааж хүн ардыг нь бусад түмэнд хэсэг хэсгээр нь тараажээ.

Урианхайн бусад хэсэг нь Хэнтийн нуруунд байсан ба тэд 16-р зууны эхээр Хангайн нуруу руу нүүн очсон ч удалгүй цаашлан Алтайн нуруунд очин одоогийн Алтайн Урианхай болжээ. Харин Хөвсгөлийн уулс руу нүүсэн хэсэг нь Хөвсгөлийн Урианхай болсон байна. Алтайн Урианхайн зарим нь Ойрад Монголчуудтай хамт Или, Тарвагатайн нуруу руу нүүсэн байна. Зүүнгарын хаант улсын үед Галдан Бошигт хааны удирдлаган дор дайн тулаанд оролцож явжээ.

Алтайн Урианхайчуудын хувцас
Урианх-цонгоол буриад

Энэ олон жилийн нүүдэл, суудлын үеэр Урианхай аймаг нь нутагшин суурьшсан газар усныхаа нэрээр Хэнтийн Урианхай, Тагны Урианхай, Алтайн Урианхай гэж нэрлэгдэн иржээ. Одоогоор Хэнтийн нуруунд нутаглаж байсан Урианхайчууд Говь-Алтай аймгийн 5-6 сумдаар тархан нутаглаж, Халх ястны Урианхай овог гэж нэрлэгдэн аж төрж байна. Харин Хөвсгөлийн Урианхайчууд Хөвсгөл аймгийн нутгаар, Алтайн Урианхайчууд Алтайн нуруу даган нутаглаж байна.

Тува буюу Тагнын Урианхай

Эдгээр Монголын Урианхайчуудаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад буй Тувачуудыг мөн Тагнын Урианхай гэж нэрлэж ирсэн байна. Эдгээр нь Түрэг хэл, соёлтой угсаатан бөгөөд XIV-XV зууны үед Урианхайчууд Хөвсгөл нуурын нутаг руу нүүж нутагласан үеэс эхлэн Хөвсгөлтэй зэргэлдээ орших Тагнын нурууны Тува иргэд Урианхайн нэрийг авч Тагнын Урианхай гэж нэрлэгдэх болсон юм. Тэдний уугуул нэр нь Тува болно.

Одоо Урианхайг Монгол Урианхай (Алтайн Урианхай, Хөвсгөлийн Урианхай), Тагна Урианхай гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваадаг. Алтайн Урианхай, Хөвсгөлийн Урианхай нь хэл аялгуугаараа ялгардаг бол Бурхан Халдунд үлдсэн цөөн урианхайчууд хэл, соёлоор халхаас ялгагддаггүй. Хөвсгөлийн Урианхайн аялга Халх, Алтайн Урианхайнх Ойрад аялганд орно. Алтайн Урианхай, Хөвсгөлийн Урианхайчуудын овгууд нь бүхэлдээ монгол байдаг. Харин Тувачуудын дунд монгол, түрэг овог холилдон оржээ.

Чингисийн жанжин Зэлмийн нэртэй Зэлмэ урианхай овог Монголд байгаа нь урианхайчуудын түүх гарлыг тов тодорхой илэрхийлж буй хэрэг юм. Өвөр Монголын Түмэд зүүн хошуу, Харчин хошууны захирагч ноёд нь Зэлмэ Урианхайн угсаа байдаг, Манж Чин улсын үед Урианхайчуудыг Тавнан гэж нэрлэдэг байжээ. Одоо Өвөр монголын Улаанхад хотын Харчин хошуу, Ляонин мужийн Фушиний Монгол үндэстний өөртөө засах хошуу буюу Монголжин хошуу зэрэг газруудад Зэлмийн удамт Урианхай овогтнууд амьдардаг юм. 20-р зууны эхээр Харчин Түмэд оронд хятадууд монголчуудын газар нутгийг булааж монголчуудыг ихээр алж хядсанаас болж урианхайчууд Хянган давааны энгэр уруу хорчинуудын нутаг уруу нүүсэн байдаг.

Генийн сан

Хаплогрупп N (дээжийн хэмжээ) % (хувь)
C *(x C3c ) 15 25
C3c 20 33.3
Д 1 1.7
K *(x N3 , O , P ) 3 5
N3 5 8.3
O2b 3 5
O3 4 6.7
P *(x R1a ) 5 8.3
R1a1 4 6.7
Генетикийн олон янз байдал 0.8119±0.0318

Урианхайчуудын удмын санд C *(x C3c ), C3c , D , K *(x N3 , O , P ), N3 , O2b , O3 , P *(x R1a ), R1a1 гэсэн хаплогруппууд байна. Хамгийн өндөр давтамж нь нийт генийн сангийн 33.3% -ийг бүрдүүлдэг C3c гаплогрупп бөгөөд нийтдээ C3 гаплогруппын дэд бүлгүүд нь Урианхайн удмын сангийн 60 орчим хувийг бүрдүүлдэг. Хаплогруппийн С3 ген (одоо С2 гэх болсон)-д хамаарах ард түмний ихэнхи нь Монголын ард түмэн байдаг. Үүнд: урианхай, халх, буриад, халимаг зэрэг монголчуудад ихээр байдаг. Хазар, эвенкүүд болон түрэг угсаатан (казах, каракалпакууд, киргиз, узбек, тува, якут, алтайчууд) зэрэг үндэстэнд ч бага зэрэг агуулагддаг байна.

Орчин үеийн урианхайчууд

Одоогийн байдлаар "Урианхайчууд" гэсэн нэр нь дараах үндэстний бүлгүүдэд хамаарна.

  • Монгол хэлээр:
    • Алтайн урианхай (монгол. Алтайн урианхай) - ойрад аялагатай, Баян-Өлгий аймаг (6274 хүн, 2000), Ховд аймаг (6592 хүн, 2000); тэд ойрад аялгаар ярьдаг. Ховд аймагт Дуут, Мөнххайрхан сумдад амьдардаг.
    • Говь-Алтайн урианхай (монгол. Халх урианхай) - халх аялагатай, Говь-Алтай аймагт амьдардаг.
    • Хөвсгөлийн урианхай (монгол. Хөвсгөл урианхай) - Халх аялагатай, Хөвсгөл аймаг (3036 хүн, 2000), Хөвсгөл нуурын зүүн ба баруун (Дархад дунд) ; Тэд халх хэлний урианхай аялгаар ярьдаг.
  • Түрэг хэлээр:
    • Уйгур-Урианхайчууд ( цаатан, уйгар, заримдаа цаатан уйгар, өөрийн нэр - myъha / духа / туха) - жижиг Дархат нутгийн ууланд (Хөвсгөл аймгийн баруун хойд) нутагладаг цаа бугын тайгын бүлэг. Ойролцоогоор 350-400 жилийн өмнө тэднээс салсан соёотуудын ойрын төрөл. Тэд монгол хэл рүү хурдан шилжиж байгаа зүүн соёны хэлний цаатан-соёт аялгаар ярьдаг. Хүний тоо: 282 хүн. Уран зохиолд ихэвчлэн Уйгур-Урианхай, цаатан нарын тухай тусад нь дурдсан байдаг ч энэ нь буруу юм.
    • Мончак-Урианхай (Урианхай-Мончок, өөрийн нэр Д'ва / Соён  - Тува, Монголоор - Мончоого-Урианхай, Мончак - Тувачуудын казах нэр) - Тувачууд Ховд аймгийн Буянт суманд амьдардаг. Тэд Хятадад амьдардаг тувачуудаас (Или-Казахийн автономит тойргийн Канас нуурын нутаг) нүүж ирсэн бөгөөд энгийнээр Мончак (Хөх-Мончак) гэж нэрлэдэг байв. Монголд 400-700 орчим хүн байдаг Тэд тува хэлний Хөх-мончак аялгаар ярьдаг. "Урианхай гэдэг нэрийг монголчууд энэ ард түмэнд өгсөн. Гэхдээ тэд өөрсдийгөө Тува гэж нэрлэдэг" гэж Г.Н.Потанин бичжээ. Мончак-Урианхайчууд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын туватай ойр байдаг ч тэдэнд “урианхайчууд” гэсэн нэр томъёо байдаггүй. Тэд Монгол улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд (1568 хүн) суурьшдаг бөгөөд цөөн хэсэг нь Сэлэнгэ аймаг руу нүүжээ . Тэд тува хэлтэй ойр Цэнгэл аялгаар ярьдаг.

Овгийн бүрэлдэхүүн

Урянхан (Урианхан), Урянхай (Урианхай), Урянхад (Урианхад) овгийн төлөөлөгчид одоогийн Монголын бараг бүх аймагт амьдардаг. Ховд, Баян-Өлгий аймгийн нутагт Урианхай овог, тэдгээрийн Урианхан, Бага Урианхан, Зэлмэн урианхай зэрэг овгууд бий. Урианхайчууд нь Халх Урианхай, Баядын Урианхай, Хотгойдын Урианхай, Үзэмчин Урианхай гэсэн бүрэлдэхүүнд багтдаг. Үзэмчинд Хорчин, Бөөнөр овгийнхон өөрсдийгөө Урианхайчуудын нэг хэсэг гэж үздэг. Халхуудын дунд тэд олон овог үүсгэсэн ба тэднээс Урианхан овог нь ихэнхи юм. Халимагууд дотор Урианхууд (Уранхууд), Урианхус-Доглут овгууд байдаг.

Буриад-урианхайчууд. Буриад ястны бүрэлдэхүүнд Урианхай овгууд олон багтдаг. Үүнд: Сонголчууд, Табангутууд, Атаганууд, Ашибагат, Баргуцууд, Сартулууд, Андагай, Икинатууд (Нарат овог), Онон хамниган (Урианхай овог, Урианхай-Тугчин, Улаанхан), Хори-буриад (Сагаангууд овогт Хөхүр урианхай), Нижнеокинский (Нарат овогт), Идинский (Нарад овогт), Китой, Түнхэн, Сэлэнгэ (Урианхай, Урианхай-отонк, Зэлмэн- Урианхай, Батут-Урианхай, Байн-Урианхай, Урианх-Цонгол, Урианх-Зэмбэ) болон Закаменскийн буриадууд болно.

Зэлмийн удам. Монгол цэргийн их удирдагч, Чингис хааны өрлөг Зэлмийн удам. Зэлмэ 13-р зууны эхний хагаст амьдарч байжээ. Тэрээр Бурхан Халдун ууланд нутаглаж байсан Урианхай аймгийн Жарчиуд Аданхан овгийн хүн байв. Зэлмийн удамд Өвөр Монголын Зостын чуулган, Харчингийн баруун, зүүн, дунд хошуу, Түмэдийн зүүн нэг хошуу ордог. Жарчиуд Аданхан овгийн үр удам нь Өвөрмонголд амьдардаг орчин үеийн Жарутууд Жамуха ба Жадаран овгийн өвөг Жадардайн эх нь Жарчиуд Аданхан урианхай хүн юм. Мөн Аданхан овгийн нэг салбар нь Жүүрэйд овгийн өвөг Жүүрэйдэйн эцэг Бодончар байв .

Урианхай, Зэлмэ, Хүн зэлмэ, Зэлмэн урианхай гэсэн овогтонгууд Завхан аймгийн Баянтэс, Тэс, Баянхайрхан сумдад, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Жаргалан сумдад, Өмнөговь аймгийн Ноён, Булган, Цогцэций, Баян-Овоо, Ханбогд сумдад, Булган аймгийн Хутаг-Өндөр, Сайхан, Баяннуур, Бүрэгхангай, Бугат сумдад, Дорнод аймгийн Чойбалсан, Сэргэлэн, Булган, Баянтүмэн, Матад, Халхгол сумдад, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар сумдад, Төв аймгийн Цээл, Угтаал, Өндөрширээт, Бүрэн сумдад, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Овоо, Баянмөнх, Дэлгэрхаан сумдад, Ховд аймагт бий.

Бусад удам. 20-р зууны эхэн үед. Сэцэн хан аймгийн Илдэн цавын хошуунд (одоогийн Дорнод аймгийн Халхгол сум) Оровод ясны Урианхай овог бүртгэгджээ . Оровгодууд Урийнхантай холбоотой. Өдгөө Дорноговь аймгийн Алтанширээ суманд Оровгод овгийнхон амьдардаг. Дорнод аймгийн Чулуунхорот, Чойбалсан, Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн, Матад, Халхголсум, Өмнөдэлгэр, Гурванбаян, Хэрлэн, Өлзийт хороо, Хэнтий аймгийн Баянмонх, Дархан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Баянхутаг, Галшар, Баян-Овоо, Норовлин сумдад бий. Орговой овог Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бүртгэлтэй.

Мэдэгдэж байгаа овгууд нь Монгол хэлт урианхайчуудын Түнхэн, Хорхон овгууд юм. Түнхэн, Хорхон овгууд нь Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумдад байдаг. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд монгол хэлтэн урианхайчуудын дунд Шаазган, Шаазгад гэсэн овог байдаг. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумын нутагт Шарай голын өөлд овог бий. Монгол хэлтэн Алтайн Урианхайчуудын дунд өөлдүүдээс гадна Шарайголын овог мөн бүртгэгдсэн байдаг. Алаг адуун овог Говь-Алтай, Завхан, Архангай, Ховд, Увс аймгуудад, голдуу Сартуул, Урианхай, Баруун Халх овгууд амьдардаг.

Зөөд. Урианхай угсаатанд Зөөд овгийнхон их юм . Энэ овгийнхон нь Увс аймгийн Зүүнговь, Түргэн, Өмнөговь, Бөхмөрөн, Ховд, Завхан, Ховд аймгийн Дөргөн суманд бүртгэгдсэн байдаг. Тэр дундаа дөрвөдөөс ирсэн халимагуудын дунд зөөд овог орсон байдаг. Халимаг-дөрвөд угсаатны Зөөнчуудын дотроос зэт кавюд, их-зэт-кавюд гэсэн овог бий. Мөн Халимаг-дөрвөдүүдийн дунд буурлуудын нэг салбар болох Зэд Ёксуд овог бий. Маанин зэт овгийг мөн тэмдэглэсэн байдаг. Хөвсгөлийн дархадуудын дотроос Хар зоот, цагаан зоот (цагаан зөөд), шар зоот (шар зөөд) овгийнхон байдаг.

Алтайн урианхичуудын бүрэлдэхүүнд өөлөг, цагаан туг, эрхит, хуурчид, баяд, саад, заамид, мундас, урианхай, ах, бургууд, шар жавраа, дөрвөд, шар гол (широй гол), бүрэв, монгол, морин, торвог, хойд, их хойд, бага хойд, дархад, хоо дархад, хар дархад, шар дархад, оръяс (горлос), холдон, түнхэн, шаазгай, хорхон, буриад, чойрд, эмч, шөрмөс, шөвөг, онгуда (онход) , бэрхад, шажин, сурч, чоно, харчин, нүцгэд, холбоо, эцгэд, жортомос, казах, зоо (зоод), соён, улаан соён, шар донхол, хар донхол, оорцог, иркид. хасхан иркид зэрэг овгууд бий.

Хөвсгөлийн урианхичуудын овгийн бүрэлдэхүүнд Баруун цаатан , зүүн цаатан, Зоот, Жэгд, Илжигэн нар багтдаг. Мөн Иркит, Кайсот (Хаасут) овгууд ч оролцсон байна  .

Цаатангуудын угсаатны бүрэлдэхүүнд урат, каштаг, балгаш (балыкчи, балигч, балыкши), додот (тоду, аг-тоду, хар-тоду), соён (хэртэк, бэлмэй, салчак), зоот (жөгд, чооду, чота, чоди), сорс, даргалар, дэмжээ (дэмчи), хэрдэг, хоюук, тарга, найдан, хуулар (хара хуулар, цагаан хуулар), соён киргиз, ханачи, маат зэрэг овгууд бий.

Халимагийн овгийн дунд цаатан, хэрээд-цаатан, аха-цаатан, бага-цаатан, хоёр-цаатан, эркетэн -цаатан, гурвуд-цаатан, хорняхин-цаатан  гэж бий. Үүний зэрэгцээ генийн судалгаагаар Халимгийн цаатанууд нь Хөвсгөл цаатантай биш Халх Монголчуудтай ойр байсан нь тогтоогджээ.

Урианхай овог. урианхай, урианхайн, урианхайд, аданхай, аданхай урианхай, аданхан, аданхан урианхай, алаг урианхай, алтайн урианхай, ах урианхай, бага урианхай, бага урианхан, баруун урианхай, Боржигон Урианхад, Буриад Урианхай, Жарууд, Жарчид, Сүбэдэй, Зэлмэ, Зэлмэ урианхай, Зэлмэ урианхай, Зэлмэн, Зэлмэн урианхай, Зэлмэн урианхай, Зэлмээ, Зэлмээн, тэдний урианхай, тэдний Урианхай, Урианхайгуур, Урианхай .орцог, урианхай цэцэрлэг, урианхай сартуул, урианхай соён, урианхай тучин, урианхай улаан соёон, урианхай хаан, урианхан хорхон, урианхай цагаан туг, урианхайд, урианхайн, урианхайт, урианхайчууд, урианхан оорцог, урианхан тугчин, урианхан халх, халх урианхан, хаан урианхай, хан урианхай, хан урианхан, хар урианхай, хар урианхан, харчин урианхай, хөх урианхан, хун зэлмэ, цаатан, цатан гэх мэт.

Нэрт хүмүүс

"Урианхай"-тай холбоотой овог аймгуудад

Алтайн Урианхай

Манж Чин улсын үед Алтайн урианхайчуудыг засаг захиргааны нэгжээр баруун, зуун гарт хуваасан байдаг. Тэр нь дотроо долоон хошуу, 27 сумтай байжээ. Алтайн нуурын Урианхай өмнө нь түүний нэг хэсэг байсан боловч 1860 оны Бээжингийн гэрээгээр Алтайг Оросын эзэнт гүрэнд шилжүүлсэн.

Зүүн амбаны хошуу:  

Алтайн урианхайн гол хошуу бөгөөд Сагсайн сүмд төвлөрч байсан гэдэг. Ах, Түмт, Сан, Урианхай, Гонзгой, Оорцог гэсэн зургаан сумтай байжээ.

Мээрэнгийн хошуу:

Ах, Шаазгай, Ятуун, Онгуда гэсэн дөрвөн сумтай. Алтанцөгц нуураар төвлөрөн сууж байв. Сүүлчийн ноён нь Цагаанбилиг гэдэг хүн байжээ.

Цагаан соёны хошуу:

Бургуут, Сарыглар хоёр сумтай. Цагаан соён, Тэлэнгэд, Саглагар, Хувлаар гэх мончоогуудын хошуу нутаг юм. Цэнгэлхайрхан, Цагаан голоор нутагтай гэжээ.

Сэндэн гүний хошуу:

Оршин суудаг овгоороо нэрлэгдсэн эл хошуу хоёр сумтай гэх. Харганатын голоор нутагладаг байжээ. Энд дурдагдсан дөрвөн хошуу нь Зүүнгарын монголчууд болно. Дор дурдагдах гурван хошуу Баруун гарынхан авай.

Баруун бээсийн хошуу:

Ах, Цэрвээ, Мянгад, Сан, Оорцог сумтай. Булган голоор нутагтай гэв.

Саруул гүний хошуу:

Саруул гүний хүрээнд төвлөрсөн, Толбо нуураар нутагтай байжээ. Ах, дунд, хойд сумтай гэх.

Шар даагийн хошуу:

Ховд гол, Шинжаанаар нутагтай, дөрвөн сумтай, мончоог хошуу билээ.

Тагны Урианхай

Манж Чин улсын үед Тагны урианхайчуудыг засаг захиргааны нэгжээр баруун, зуун гарт хуваасан байдаг. Тэр нь дотроо таван хошуу ба 46 сумтай байжээ.

5 хошуу: Тагнын урианхай хошуу, Тожийн урианхай хошуу, Хөвсгөл нуурын урианхай хошуу, Хэмчиг голын урианхай хошуу, Салчакийн урианхай хошуу

46 сум: Манжийн ноёрхолын үед 1691-1923 он хүртэл Өвөр Ширхтэн урианхай нь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч хошуунд захирагдаж байсан бол хөвсгөл нуурын бусад урианхай нь 1805-1911 он хүртэл Улиастайн манж амбанд захирагдаж байсан юм. Өвөр Ширхтэн урианхайг Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ноёны томилсон зайсангууд захирч байжээ. Хөвсгөлийн нуурийн урианхайг захирч байх Бүгдийн дарга /Үхэрида/ гэдэг албан тушаалыг Улиастай дахь манж амбан 1805 онд анх бий болгож, өөрөө томилдог байсан бөгөөд 1805-1923 он хүртэл 8 хүн энэ албыг хашсан байна. Монгол улс тусгаар тогтнолоо олсон 1911 оноос хөвсгөл нуурын Урианхай нь Богд хаант Монгол улсын дотоод хэргийг Бүгд Захиран Шийтгэх яамны мэдэлд очиж Бүгдийн дарга /Үхэрида/-г угсаа залгамжлан захирагч болгосон байна. Энэ үеэс Урианхайн 4 сум ангийн үсээр алба тушаах үүрэгтэй болжээ.

Тайлбар

  1. "Олон ястны өлгий-Ховд". Эх хувилбараас архивласан: 2017-02-21. Татаж авсан: 2014-04-11.
  2. Х.Пэрлээ: Онон Хэрлэнгийн Монголчууд, 1959 он, хуудас 78
  3. Н.Б.Кюнер, 1961, т.65-66
  4. Н.Б.Кюнер, 1961,т.65-66
  5. Монголын нууц товчоо, 1975, т. 20-21
  6. Рашид-ад-дин, 1952, т.121, 156-160
  7. Одон, 1988, т.201-202

Ном зүй

  • А.Очир, Ц.Баасандорж. “Ойрад хуримын ёсон”
Kembali kehalaman sebelumnya