Алтайн УрианхайАлтайн Урианхай нь Баруун Монгол дахь ойрад ястаны нэг юм. Монгол улсад болон Хятадын Шиньжаанд тархан суурьшсан. ТүүхУрианхай угсаатан нь Монгол үндэстэн дотроо 1300 илүү жилийн түүхтэй хамгийн эртний угсаатан юм. Урианхайчууд VII-VIII зууны үед Хянганы нуруу орчимд нутаглаж байсан гэж Хятадын сурвалжид тэмдэглэжээ. VIII зууны үеийн Монгол гэх аймгийн үүсэл гарлын тухай Эргүнэ гүний түүхэнд хүртэл Урианхай аймаг оролцсон тухай гардаг. XI зууны Монгол аймгуудын үндэс болсон Дэрлигэн аймгийг бүрдүүлж байсан 20 овгоос үндсэн 3 нь нукуз, урианхай, хонгирад 3 байжээ. X-XIII зууны үед Хэнтий нуруу орчим нутаглаж байсан талаар Монголын нууц товчоонд өгүүлдэг. Энэ үед Чингис хааны Их Монгол улсыг байгуулах үйл хэрэгт урианхайчууд ихээхэн үүрэгтэй оролцож байжээ. 1260-аад оны Хубилай-Аригбөхийн тэмцлийн үед Урианхайчууд Аригбөхийн талд орж Хубилайн эсрэг тэмцжээ. Учир нь Аригбөхийн мэдэлд Ойрад болон Урианхай нар багтаж байсан юм. XIV зууны үед буюу Хубилай хаан, Их Юань гүрний үед Урианхайчуудаас зарим нь Хангайн зүүн, Хэнтийн баруун хэсгээр нутгаа сахин үлдэж, зарим нь Юань гүрний хойд хил рүү нүүж харуулын үүрэг гүйцэтгэж байжээ. Тэр үед Харуулын 3 түмэн урианхай гэгдэж байсан бөгөөд одоогийн БНХАУ-ын Ляонинг муж буюу Хойд Солонгосын хойд хилээр нутаглаж байжээ. XVI зууны үед буюу Халх овог аймаг үүсэх үед Урианхай түмэн хамгийн их хүчирхэг байж Батмөнх Даян хааны цэргийн гол хүчин болж байжээ. Одоогоор тодорхой бус байгаа шалтгаанаар урианхайчууд удаа дараа бослого гаргаж байсан учраас Батмөнх даян хаан, түүний хүү, ач нар нь үе дамжин урианхайчуудыг дарж тарааж байжээ. Тэр үед Урианхай түмэн одоогийн Монгол улсын төв хэсэг, Хангайн нурууны зүүнээс Хэнтийн нурууны баруун хүртэлх нутагт буюу Булган, Өвөрхангай, Төв аймгуудын нутгаар нутаглаж байжээ. Батмөнх даян хааны ач Боди Алаг хаан 1520-1544 он хүртэл хугацаанд урианхайн бослого дарахаар удаа дараа цэрэг хөдөлгөж байжээ. 1538 онд Алтан хаан, Эрдэнэ Мэргэн жонон болон Боди алаг хаан нар их цэргийн хүчээр Урианхайд цохилт өгч тэдний бослогыг тараасан байна. Энэ үед урианхай түмний зарим нь Алтайн нуруунд нүүдэллэн очиж Зүүн гарын хаант улстай хаяа нийлэн суусан бөгөөд улмаар Цоросын хаадын шууд харьяанд хамаарч явжээ. Төв Монголд үлдсэн урианхайчуудыг Батмөнх даян хааны ач Алтан хан баруун түмнээс хүч сэлбэж байж 1544 онд Зоргол хайрхан уул (Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төвөөс баруун урагшаа 15км-т бий) орчим дарж түмэн байх эрхийг нь хасч бусад түмэнд хуваан тараажээ. Ингэхдээ урианхай түмнээс хэсгийг нь баруун хилээ сахиулхаар Алтайн нуруунд дангаар нь байршуулсан нь одоогийн Говь-Алтай аймгийн Бүс хайрхан уулын урианхайчууд болжээ. Тэр нь одоогийн Алтайн урианхай болжээ. Одоогийн ойрад ястангуудаас нутгаа солилгүй хамгийн удаан амьдарсан нь Алтайн урианхай юм байна. Бусад ойрад монголчууд (дөрвөд, баяд, захчин, өөлд, торгууд гм) одоогийн нутагтаа 18р зуунаас нутаглаж эхэлсэн. Халх бол шинэ үүссэн ястан. 15р зууны зургаан түмэн монголын зүүн 3 түмэнд бараг 60% нь урианхай эзэлж байж. Чингисийн ач Элжигэн ноён өмнөд урианхайг удирдаж байсан. Мухулайн удмын Нагачу ноёны шилмэл 20.000 цэрэг нь дан урианхай цэргүүд байсан. Зүүн гарын хаант улсын үед ч төвдийг дайлхад дан урианхай цэргийн хүчээр цаст уулсаар дайрч эзэлж байсан. Маш дайчин угсаатан. Халхыг үүсгэхэд урианхайн нөлөө их байж. Одоо урианхайн үр сад өвөр монгол, дээд монгол, шинжаан, халх дотор маш их байдагт ч уг угсаагаа, уламжлалаа авч үлдсэн нь бидний урианхайчууд л үлдэж. Уг нь хамаг монголын үндсэн аймгуудын нэг. Сүүлд ойрад монголын гишүүн болж. Их хаадын хориг сахисан урианхай нар XIII-XIV зууны эхэн үе хүртэл Хэнтий уул хавиар нутаглан суусаар байжээ. Тэд XIII-XIV зууны эхэнд Монголын их хааныг үе үе эсэргүүцэн босч байсан тул тэднийг бусад түмнүүдэд тархаан өгч хүчийг сарниулсан ажээ. Дээрх Зүүн Монголын урианхай нарын зарим нь XVI зууны дунд үед Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнзийн захиргаанд байсан аж. Хэнтий уул хавиар нутаглаж агсан тэдгээр урианхай нар Гэрсэнзийн мэдэлд очсоныхоо дараа XVI зууны эхээр баруун тийшлэн, Хангайн ууланд очиж хэсэг сууснаа, удалгүй цаашлан, Алтайн ууланд хүрчээ.[1] XVII зууны үед тэд Алтайн Бүсхайрхан уулын орчимд суурьшин, Халхын Засагт хан аймагт Дайчин засгийн хошуу, Дархан засгийн хошуу болон харьяалагдсан байна. Зургаан түмний магтаалаас үзэхэд тэд Даян хааны үед Алтайд байсан нь мэдэгддэг.[2] Алтайн урианхайн ардын дуунд Зэлмийн тухай өгүүлдэг бөгөөд угсаатны бүрэлдэхүүнд нь аданх, малиг, таргуд, дархад зэрэг XII зуунаас хойш Хэнтий уулаар нутаглаж явсан зарим овог оролцсон байгаа нь тэднийг Хэнтийд байсан урианхайчууд болохыг баталдаг.[3] Алтайн нуруунд ирсэн урианхайчуудын зарим нь ойрадын дунд орон суурьшсанаар ойрд ястны нэг болжээ. 1754 онд Чин улсын цэрэг Алтайн урианхайчуудыг 2 замаар дайлан орж дагуулан авч харуулын дотогш нүүлгэн Тэс, Ойгоны газар тохинуулан суулгажээ. Тэднийг дагуулан авсан хотогойдын бэйл Чингүнжавт жүн вангийн хэргэм хүртээж тэдгээр шинэ дагасан урианхайг долоон хошуунд хуваан захируулжээ. 1756 онд Чингүнжав Чин улсын эсрэг бослого гаргасан тул Алтайн урианхайг түүний мэдлээс гаргаж урианхайн зайсан Чадаг, Чулуун нарт дотоод сайд, мэйрэн зангийн хэргэм хүртээж, бүгдийн даргын долоон хошуу хуваав. Манж Чин улсын дарангуйллын үед Алтайн урианхай нар засаг захиргааны зохион байгуулалтын хувьд зүүн, баруун хоёр гарт хуваагдан 7 хошуу, 29 сумаас бүрдэж байв. Зүүн гарт Зүүн амбаны хошуу, Мэйрэн зангийн хошуу, Цагаан соёны хошуу, Хар соёны хошуу багтаж байсан бол баруун гарт Баруун амбаны хошуу, Гомбо да-гийн хошуу, Шар да-гийн хошуу тус тус багтаж байжээ. Алтайн урианхайн долоон хошуунаас Зүүн, баруун амбаны, Мэйрэнгийн, Гомбода-гийн зэрэг дөрвөн хошуу нь алтайн урианхайчуудаар бүрдэж байжээ. 1757 онд Орхоноос Улаангомд нүүлгээд байсан хойдын ардыг хядаж устгасан тул эдгээр урианхайг Улаангомд шилжүүлэн суулгав. 1758 онд дөрвөд нарыг Улаангомд шилжүүлэн суулгаж, урианхайг Ховдод суулгав. 1759 онд эдгээр урианхайн 7 хошууг дөрвөдийн хуучин нутаг Эрчист нүүлгэж Алтайн нурууны ар, өврөөр суулгах болжээ. 1762 онд тэдний долоон хошууг дахин баруун, зүүн хоёр гар хувааж, баруун гарыг сул сайд Түвшинд захируулав. Чадагт зүүн гарыг ерөнхийлөн захирах бүгдийн даргын тамга олгов. Чадаг Чин улсын төрд үнэнчээр зүтгэсэн тул түүний угсааг үе улиран бүгдийн даргад тохоон томилох болжээ. Энэ үед Алтайн Урианхайн нутаг нь Алтайн нурууг дамнуулан одоогийн БНХАУ-ын Шинжиан-Уйгурын өөртөө засах орны Алтай аймгийн нутагт хүрч байв. Монгол улс Манж Чин улсаас салж төрийн тусгаар тогтнолоо сэргээхэд Урианхайчууд Монгол улсдаа дагаар орсон тул Богд хаанаас Алтайн Урианхайн 7 хошууны бүгдийн дарга нарт засаг цол, улсад туслагч гүнгийн хэргэм хүртээж харьяат ардыг засаг хошуу болгон Дөрвөдийн Үнэн зоригт хан аймагт харьяалуулав. Монгол улс баруун хязгаараа чөлөөлөх байлдааны ажиллагаа сунжирч, Оросын зуучилснаар Монгол-Хятадын хоёр тал тус тус эзэлсэн газраараа гал зогсоох шугам байгуулсан нь Алтайн Урианхайн нутгийг Алтайн нурууны оргилоор хоёр хуваахад хүргэж, өвөр тал нь Дундад Иргэн Улсад харьяалагдах болов.
Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед урианхайн 7 хошуу байсанаас 4 нь буюу Ёст гүн, Саруул гүн, Дархан гүн, Итгэмжит гүний хошуу нь дан Алтайн урианхай түмнээс бзрдсэн хошуу байсан бол бусад 3 хошуу буюу Эетэй гүн, Зоригт гүн, Зүтгэлт гүний хошууны зарим сумууд нь тува сум байв. Жишээ нь эдгээр 3 хошуунд Цагаан соёны 2 сум, Хар соёны 2 сум, Улаан соёны 2 сум, нийт 6 сум тува иргэд байжээ. Ёст гүний хошуу нь ах, гонзгой, түмт, оорцог гэсэн 4 сумтай, Саруул гүний хошуу нь ах, хойд, дэлгэр гэсэн 3 сумтай, Дархан гүний хошуу нь цэрвээ% ах зэрэг 4 сумтай, Зүтгэлт гүний хошуу нь ах, хэрээ, шаазгай, ятуу гэсэн 4 сумтай, Итгэмжит гүний хошуу нь 6 сумтай, Зоригт гүний хошуу нь ах, бага гэсэн 2 сумтай, Эетэй гүний хошуу нь тэлэнгэд, авга гэсэн 2 сумтай байв. Үүнээс Ёст гүн, Саруул гүн, Зүтгэлт гүн, Эетэй гүн, Зоригт гүн, Итгэмжит гүний хошуу гэсэн 6 хошууны хойд хэсэг, Дархан гүний хошууны төв хэсэг нь одоогийн Баян-Өлгий аймагт орж байсан ба Дархан гүний хошууны зүүн талын нутаг нь одоогийн Ховд аймагт оржээ. Харин үлдсэн хэсэг буюу Урианхай нийт нутгийн 60 гаруй хувь нь БНХАУ-ын нутагт таслагдан алдагджээ. Гэвч одоог хүртэл БНХАУ дахь тэдгээр нутагтаа урианхайчууд цөөн тоотой ч амьдарсаар байгаа билээ. 1.Итгэмжит гүний хошуу. Ховдын хязгаарын Урианхайн Зүүн гарын нэгэн хошуу, 1755 онд байгуулагджээ. Манжийн эрхшээлийн үед Ховдын хязгаарын Алтайн Урианхайн Зүүн амбаны жанжин гүнгийн хошуу, 1912-1926 онд Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригтхан аймгййн Урианхай Итгэмжит жанжин гүнгийн хошуу нэртэй байж, 1924 онд Чандмань уул аймгийн Баянмандал уулын хошуу нэртэй болжээ. Тус хошууны хойд талын нутаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус сумдын нутаг юм. Бүгдийн дарга нарын үе залгамжлал
2. Дархан гүний хошуу. Ховдын хязгаарын Урианхайн Баруун гарын нэгэн хошуу, 1754 онд байгуулагдсан. Манжийн эрхшээлийн үед Урианхайн баруун амбаны Дархан бэйсийн хошуу, 1912-1926 онд Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригтхан аймгийн Урианхайн дархан бэйсийн хошуу, 1927 онд Алтайн Урианхайн баруун гарын Ёст, Саруул гүний хошуутай нэгтгэж, Алтайхан уулын Урианхайн баруун хошуу нэртэй болжээ. Тус хошууны зүүн талын нутаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн, Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумдын нутаг юм. 3. Ёст гуний хошуу. Ховдын хязгаарын Урианхайн Зүүн гарын нэгэн хошуу, 1754 онд байгуулагдсан. Манжийн эрхшээлийн үед Ховдын хязгаарын Алтайн Урианхайн зүүн амбаны Ёст гүний хошуу, 1912-1927 онд Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригтхан аймгийн Урианхайн Ёст гүний хошуу, 1927 онд Алтайн Урианхайн баруун гарын Дархан, Саруул засгийн хоёр хошуутай нэгтгэж, Алтайхан уулын Урианхайн баруун гарын хошуу нэртэй болгосон. Тус хошууны хойд талын нутаг нь одоогийн Баянг Өлгий аймгийн Алтай, Буянт, Сагсай сумдын нутаг. 4.Саруул гуний хошуу. Ховдын хязгаарын Урианхайн Баруун гарын нэгэн хошуу, 1754 онд байгуулагдсан. Манжийн эрхшээлийн уед Ховдын хязгаарын Урианхайн баруун амбаны Саруул гуний хошуу, 1912-1927 онд Дөрведийн баруун гарын Унэн зоригтхан аймгийн Урианхайн Саруул гүний хошуу, 1927 онд Алтайн Урианхайн баруун гарын Дархан, Ёст гүний хоёр хошуутай нэгдэж, Алтайхан уулын Урианхайн баруун гарын хошуу нэртэй болжээ. Тус хошууны хойд талын нутаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо сумдын нутаг. 5.Зоригт гуний хошуу. Ховдын хязгаарын Урианхайн Зүүн гарын нэгэн хошуу, 1755 онд байгуулагдсан. Манжийн эрхшээлийн үед Ховдын хязгаарын Алтайн Урианхайн зүүн амбаны Зоригт гүний хошуу, 1912-1926 онд Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригтхан аймгийн Урианхайн Зоригт гүний хошуу, 1927 онд Алтайн Урианхайн зүүн гарын Зүтгэлт, Итгэмжит, Эетэй гүний хошуутай нэгдэж, Алтайхан уулын Урианхайн зүүн гарын хошуу нэртэй болжээ. Тус хошууны хойд талын нутаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын зүүн, Улаанхус сумын өмнө талын нутаг. 6.Зутгэлт гуний хошуу. Ховдын хязгаарын Урианхайн Зүүн гарын нэгэн хошуу, 1755 онд байгуулагдсан. Манжийн эрхшээлийн үед Ховдын хязгаарын Алтайн Урианхайн зүүн амбаны Зүтгэлт гүний хошуу, 1912-1926 онд Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригтхан аймгийн Урианхайн зүүн гарын Зүтгэлт гүний хошуу, 1927 онд Алтайн Урианхайн зүүн гарын Зоригт, Итгэмжит, Эетэй гүний хошуутай нэгдэж, Алтайхан уулын Урианхайн зүүн гарын хошуу нэртэй болсон. Одоогийн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын баруун, Алтанцөгц сумын ихэнх, Ногооннуур сумын зүүн өмнө тал, Бугат сумын урд нутаг. 7. Эетэй гуний хошуу. Ховдын хязгаарын Урианхайн Зүүн гарын нэгэн хошуу, 1755 онд байгуулагдсан. Манжийн эрхшээлийн үед Ховдын хязгаарын Алтайн Урианхайн зүүн амбаны Эетэй гүнгийн хошуу, 1912-1925 онд Дерведийн баруун гарын Үнэн зоригтхан аймгийн Урианхайн Эетэй гүний хошуу, 1927 онд Чандмань уул аймгийн Алтайн Урианхайн зүүн гарын Зүтгэлт, Зоригт, Итгэмжит гүний хошуудтай нэгдэж, Алтайхан уулын Урианхайн зүүн хошуу нэртэй болсон. Тус хошууны хойд талын нутаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг. 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдахад урианхайн 7 хошууны хойд хэсгийн нутагт багтаж байсан одоогийн Алтай, Буянт, Сагсай, Булган, Дэлүүн, Толбо, Бугат, Алтанцөгц, Баяннуур, Ногооннуур сумууд, үндсэн ард иргэдийн хамт Баян-Өлгий аймагт харьяалагджээ. 1940 оны 8-р сард УИХ Ховд аймгийг хувааж урианхай, тува, казах 7000 өрх, 32,000 хүн, 100,000 мал, 10 сумтай Баян-Өлгийн аймгийг байгуулжээ.(Бадамхатан: 1980) Соёл, урлаг, спортАлтайн Урианхайчууд олон зууны туршид сур харвах, ан гөрөө хийх, товшуур хөгжим тоглох, тууль хайлах, модон цуур үлээх, хоолойн цуур буюу хөөмийлөх, уул ус, тэнгэр лус тахих зан үйлийг язгуур эхээр нь хадгалж ирсэн төдийгүй дээрх уламжлалт зан үйл, эртний соёлыг төрийн хэрэг болгож иржээ. Алтайн Урианхайчууд Урианхай овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс дэглэм бүхий сурын харвааг өнөөдрийг хүртэл хадгалан харваж ирсэн нь өдгөө Өвөг харваа гэж нэрлэгдэн Монгол үндэстний хамгийн том баярын нэг болох Наадмын нээлтийг Урианхай сурын харваагаар эхлүүлж байна. Өвөг харваа буюу Урианхай сур харваа нь хамгийн эртний харваа бөгөөд Чингис хааны үеэс улбаатай. Анх сур харвааг дайн байлдаанд ашигладаг байх үеэс тоглоом наадмын хэлбэрт оруулахыг Урианхайчууд бодож гаргасан байна. Чингисийн есөн өрлөгийн нэг Зэлмэ, цэргийн их жанжин Сүбээдэй нар Урианхайчууд бөгөөд маш мэргэн харвадаг хүмүүс байжээ. Урианхай сур нь зөвхөн эрэгтэй хүн харвадгаараа халх сураас ялгаатай. Мөн байны хэмжээ өөр, сумны болцуу том, 40м зайнаас 350-450гр жинтэй зангидсан суран байг онодог. Хүн бүр 3 сум тавьдаг. Урианхай сур харваа нь хавчаахай нумаар харвадаг. Энэ нь хулс модыг матаж хийсэн 1.8 -2м урттай нум юм. Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг байна. Урианхай сурын харваа нь наадмаар харвах зуны сур харваа, өвөл голын мөсөн дээр харвах мөсний сур харваа гэсэн хоёр төрөлтэй байдаг. Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байна. Мөн эрийн гурван наадам, эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ. Туульчид Алтайн магтаалын эртний хувилбар болон хэд хэдэн туульс өвлөж ирэхдээ тэр болгон хэлээд байдаггүй тодорхой цаг үед хайлдаг байжээ. Тууль хайлах зан үйл нь бөө мөргөлийн шинж чанартай, нарийн дэг ёстой, онцгой үйл ажиллагааны нэг байдаг байжээ. Товшуур хөгжим нь тууль хайлах зан үйлтэй салшгүй холбоотой бөгөөд товшуур хөгжимгүйгээр тууль хайлах ойлголт байдаггүй билээ. Хүннүгээс улбаатай цуур хөгжим одоо зөвхөн Алтайн Урианхайчуудад уламжлагдан үлджээ. Мөн шагай наадах, алаг мэлхий зэрэг олон уламжлалт тоглоом наадгай байдаг. Алтайн Урианхайчууд адуундаа бүгд нуман тамга хэрэглэдэг бөгөөд энэ нум сумаа дээдэлдэг ёс уламжлалтай нягт холбоотой юм. Эртний язгуурын монгол овог аймгууд, тэр дундаа Чингис хааны адуу нуман тамгатай байсан гэж үздэг. XIII зууны үеийн ховор олдворуудын нэг болох Чингис хааны мөнгөлсөн зэс зоосны дээд хэсэгт хиад боржигон овогтны онгин тамга дүрсэлсэн байдаг бол төв хэсэгт нь нуман тамга дүрсэлсэн байдаг байна. Тэгээд ч Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь "Арвангуравдугаар зуун" аялал жуулчлалын цогцолбор дахь адуунууд Чингис хааны үеийг дуурайж нуман тамгатай байгаа ажээ. Монгол Алтайн нуруугаар зонхилон нутаглаж ирсэн 7 хошуу Урианхайчуудын Зүүн амбаны 4 хошуу нь адуу тэмээнийхээ зүүн талын гуя, шанаанд нь тамгаа дардаг бол Баруун амбаны 3 хошууны ардууд малынхаа баруун гуяа, шанаанд нь тамгаа дардаг байна. Овгууд (Элкэнүүд)Алтайн Урианхайн 7 хошуу нь дотроо олон сумуудтай байсан бөгөөд сумууд нь ах сум, цэрвээ сум, оорцог сум, дэлгэр сум, хойд сум, ятуу сум, хэрээ сум, шаазгай сум, гонзгой сум, сангийн сум, түмт сум, бага сум, авга сум, тэлэнгэд сум зэрэг байжээ. Сумууд нь удам угсаанаас хамаарсан байдалтай байсан бөгөөд бараг бүх хошуунд ах сум гэж байсан нь ах суманд хамаарах овог элкэнүүд ихээхэн олон тоотой байсан нь харагддаг. Сумууд нь дотроо арванд хуваагдаж, арван нь дотроо элкэнд хуваагдаж байв. Арван нь дархад арван, өөлөг арван, дөнхөл арван гэх зэрэг байжээ. Элкэн нь хар дархад, шар дархад, хоо дархад, эмчийнхэн, хорхон, түнхэл, их өөлөг, дунд өөлөг, бага өөлөг, хар дөнхөл, шар дөнхөл, ховшоо, ятуун, хойд, цагаан туг гэх мэт байдаг ажээ.[4] Алдартай хүмүүс
Тайлбар
Гадаад холбоос |