Эфү (манж бичиг: ᡝᡶ᠋ᡠ; хятад ханз:額駙, Éfù) нь хүргэн гэсэн утгатай манж үг бөгөөд Чин улсын Айсингиоро овгийн хаад ноёд өөрийн удмын гүнж, гэгэ нарын хүргэнд өгч байсан цол гуншин юм.
Манжийн харъяаны бүх монгол аймаг, хошуудаас зөвхөн өвөр монголын 13 хошуу, ар монголын 5-6 хошуудаас бэлтгэл эфү буюу бэлтгэл хүргэнд сонгогдох эрхтэй байсан бөгөөд цөөнгүй тооны ноёд, тайж нар манжийн хаад ноёдын гүнж, гэгэтэй хуримлаж, манжийн эфү буюу хүргэн болж байсан. Энэ дотроос Хорчины 6 хошуу, Алашаа хошуу, Зостын чуулганы Харчин хошууд, Халхын Цэрэн чин вангийн хошууны ноёд онцгойлон тогтмол шахуу манжтай худ ургийн зузаан харилцаатай явж ирсэн.
ГМТЗЯЯ-ны хууль зүйлийн бичиг хэмээх хуулийн 25-р бүлгийн 828-р зүйлд бэлтгэл эфүд сонгогдох эрхтэй дараах 13 хошууг[1] тэмдэглэжээ:
- Жиримийн чуулганы Хорчин баруун гарын дундад хошуу (Хошой Түшээт чин вангийн хошуу),
- Жиримийн чуулганы Хорчин зүүн гарын хойд хошуу (Хошой Бодлоготой чин вангийн хошуу),
- Жиримийн чуулганы Хорчин зүүн гарын дундад хошуу (Хошой Дархан чин вангийн хошуу),
- Жиримийн чуулганы Хорчин баруун гарын өмнөд хошуу (Төрийн Засагт жүн вангийн хошуу),
- Жиримийн чуулганы Хорчин зүүн гарын өмнөд хошуу (Хошой Бинт чин вангийн хошуу),
- Зостын чуулганы Харчин баруун гарын хошуу (Төрийн Дүүрэн жүн вангийн хошуу),
- Зостын чуулганы Харчин дундад хошуу (Тэргүүн зэргийн тавнангийн хошуу),
- Зостын чуулганы Харчин зүүн гарын хошуу (Тэргүүн зэргийн тавнангийн хошуу),
- Зостын чуулганы Түмэд зүүн гарын хошуу (Төрийн Дархан бэйлийн хошуу)
- Зуу Удын чуулганы Баарин баруун хошуу (Төрийн жүн вангийн хошуу),
- Зуу Удын чуулганы Онниудын баруун гарын хошуу (Төрийн Дүүрэн жүн вангийн хошуу),
- Зуу Удын чуулганы Аухан зүүн гарын хошуу (Төрийн жүн вангийн хошуу),
- Зуу Удын чуулганы Найманы Дархан жүн вангийн хошуу.
Зэрэг дэв
Эфү нар нь ямар угсаа гаралтай эхнэр авснаас хамаарч тодорхой эрх мэдэл, дэсэд хуваагдаж байжээ.
- Гүрний гүнж (манж:ᡤᡠᡵᡠᠨ ᡳ
ᡤᡠᠩᠵᡠ; хятад: 固倫公主; Хааны их хатнаас төрсөн охин)-тэй гэрлэвэл Гүрний эфү (манж:ᡤᡠᡵᡠᠨ ᡳ ᡝᡶᡠ),
- Хошой гүнж (манж:ᡥᠣᡧᠣᡳ
ᡤᡠᠩᠵᡠ; хятад: 和硕公主; Хааны бага хатан эсвэл хааны өргөмөл охин)-тэй гэрлэвэл Хошой гүнжийн хошой эфү (манж:ᡥᠣᡧᠣᡳ ᡤᡠᠩᠵᡠ ᡳ ᡥᠣᡧᠣᡳ ᡝᡶᡠ),
- Хошой гэгэ (манж:ᡥᠣᡧᠣᡳ
ᡤᡝᡤᡝ; хятад: 郡主; Хошой чин вангийн авхай)-тэй гэрлэвэл Хошой эфү (манж:ᡥᠣᡧᠣᡳ ᡝᡶᡠ),
- Төрийн гэгэ (манж:ᡩᠣᡵᠣᡳ
ᡤᡝᡤᡝ; хятад: 縣主; Төрийн жүн вангийн авхай)-тэй гэрлэвэл Төрийн эфү (манж:ᡩᠣᡵᠣᡳ ᡝᡶᡠ),
- Төрийн бэйлийн охин төрийн гэгэ (манж:ᠪᡝᡳᠯᡝ ᡳ ᠵᡠᡳ
ᡩᠣᡵᠣᡳ ᡤᡝᡤᡝ; хятад: 郡君; Төрийн бэйл эсвэл Чин вангийн бага хатнаас төрсөн авхай)-тэй гэрлэвэл Төрийн бэйлийн эфү (манж:ᡩᠣᡵᠣᡳ ᠪᡝᡳᠯᡝ ᡳ ᡝᡶᡠ),
- Хошууны гэгэ (манж:ᡤᡡᠰᠠᡳ
ᡤᡝᡤᡝ; хятад: 縣君; Хошууны бэйс эсвэл Жүн вангийн бага хатнаас төрсөн авхай)-тэй гэрлэвэл Хошууны эфү (манж:ᡤᡡᠰᠠᡳ ᡝᡶᡠ),
- Гүнгийн охин гэгэ (манж:ᡤᡠᠩ ᠨᡳ
ᠵᡠᡳ ᡤᡝᡤᡝ; хятад: 鄉君; Түшээ гүн, Туслагч гүн эсвэл Бэйлийн бага хатнаас төрсөн авхай)-тэй гэрлэвэл Гүнгийн гэгийн эфү (манж:ᡤᡠᠩ ᠨᡳ ᡤᡝᡤᡝ ᡳ ᡝᡶᡠ)
- 5-р зэргийн гэгэ (五品, Бэйсийн бага хатнаас төрсөн авхай)-тэй гэрлэвэл бэйсийн эфү
- 6-р зэргийн гэгэ (六品, Гүнгийн бага хатнаас төрсөн авхай)-тэй гэрлэвэл гүнгийн эфү гэж тус бүрт нь ялгаатай цол өгч нэрлэдэг байсан.[2][3][4]
Цалин, хамжлага өрх, эрх мэдэл
Чин улсын хуулинд хаад ноёдын гүнж, гэгэ болон тэдний нөхөрүүд ямар хэмжээний эрх мэдэл, цалин пүнлүү, хамжлага өрх, хиа захирах зэргийг тодорхойлсон байдаг.
Хамжлага өрх
Гүрний эфү нь 40 хамжлага өрх, Хошой Эфү нь 30 хамжлага өрх, төрийн эфү 20 хамжлага өрх захирах эрхтэй байв.[5]
Хиа захирах тоо
- Гүрний гүнж 50 хиа - Гүрний эфү 25 хиа[5]
- Хошой гүнж 40 хиа,
- Хошой гэгэ 35 хиа - хошой гэгийн хошой эфү 25 хиа [5]
- Төрийн гэгэ 30 хиа - төрийн эфү 10 хиа[5]
- Бэйлийн гэгэ 25 хиа,
- Хошууны гэгэ 20 хиа,
- Гүнгийн гэгэ 10 хиа - гүнгийн эфү 6 хиа[5]
Морь тэжээх тоо
Чин улсын төрөөс ар, өвөр монгол аймаг хошууны гүнж гэг, тэдний нөхөрүүдийн унаж эдлэх адууны тоог эрэмбэ дэс бүрээр нь нарийн тогтоожээ.
- Гүрний гүнжийн тэжээх морь 45, унах морь 15 - Гүрний болон Хошой эфү тэжээх морь 25, унах морь 6[5]
- Хошой гүнжийн тэжээх морь 40, унах морь 13[5]
- Хошой гэгийн тэжээх морь 35, унах морь 10,[5]
- Төрийн гэгийн тэжээх морь 30, унах морь 8 - Төрийн эфү, Бэйлийн эфүгийн тэжээх морь 20, унах морь 4[5]
- Бэйлийн гэгийн тэжээх морь 25, унах морь 6,[5]
- Хошууны гэгийн тэжээх морь 20, унах морь 4 - Хошууны эфүгийн тэжээх морь 10, унах морь 3[5]
- Гүнгийн гэгийн тэжээх морь 8, унах морь 3 - Гүнгийн эфүгийн тэжээх морь 6, унах морь 1[5] тус тус байдаг.
Жилийн цалин
Чин улсын хаад ноёдын гүнж, гэгэ тэдний эфү гэх хүргэнд жилийн цалинг хоёр төрлөөр олгож байсан. Эхнийх нь гүнж, нөхрийн хамт Чин улсын нийслэл Бээжин хотод очсон үед мөнгө, амуу будаа өгч, нутагтаа харьсан үед мөнгө, торго өгч байсан.[6] Хэрэв монгол ноёны манж гэргий нас нөгчсний дараа дахин гэрлэх бол эфү цолыг хураалгаж, сул цалин авах эрхээ хураалгадаг байсан.[7]
Гүнж, гэгэ, эфүгийн жилийн цалин пүнлүү[5][6]
Цол
|
Нийслэл хот дахь жилийн цалин
|
Монгол нутагтаа харьсны дараах цалин
|
Чин гүрний бүгд хууль: 79-р бүлэг
|
ГМТЗЯЯ-ны хууль зүйлийн бичиг: 13-р бүлэг
|
Чин гүрний бүгд хууль: 79-р бүлэг
|
ГМТЗЯЯ-ны хууль зүйлийн бичиг: 13-р бүлэг
|
Гүрний гүнж
|
400 лан мөнгө, 200 таар[6] будаа
|
1000 лан мөнгө, торго 30
|
Гүрний гүнжийн эфү
|
300 лан мөнгө, 150 таар (石, ши) будаа
|
300 лан, торго 10
|
Хошой гүнж
|
300 лан мөнгө, 150 таар будаа
|
200 лан, торго 12
|
400 лан, торго 15
|
Хошой гүнжийн эфү
|
255 лан мөнгө, 127 таар 5 доу (斗) будаа
|
200 лан, торго 9
|
255 лан, торго 9
|
Хошой гэгэ
|
250 лан мөнгө, 125 таар будаа
|
160 лан, 80 таар будаа
|
150 лан, торго 10
|
160 лан, торго 12
|
Хошой эфү
|
230 лан мөнгө, 115 таар будаа
|
100 лан, 50 таар
|
100 лан, торго 8
|
100 лан, торго 8
|
Төрийн гэгэ
|
220 лан мөнгө, 110 таар будаа
|
110 лан, 55 таар
|
100 лан, торго 8
|
110 лан, торго 10
|
Төрийн эфү
|
180 лан мөнгө, 90 таар будаа
|
60 лан, 30 таар
|
50 лан, торго 5
|
60 лан, торго 6
|
Төрийн бэйлийн охин төрийн гэгэ
|
190 лан мөнгө, 95 таар будаа
|
60 лан, 30 таар
|
50 лан, торго 6
|
60 лан, торго 8
|
Төрийн бэйлийн гэгийн эфү
|
155 лан мөнгө, 77 таар 5 доу будаа
|
50 лан, 25 таар
|
40 лан, торго 4
|
50 лан, торго 5
|
Хошууны гэгэ
|
160 лан мөнгө, 80 таар будаа
|
50 лан, 25 таар
|
40 лан, торго 5
|
50 лан, торго 6
|
Хошууны эфү
|
135 лан мөнгө, 65 таар будаа
|
40 лан, 20 таар
|
30 лан, торго 3
|
40 лан, торго 4
|
Гүнгийн гэгэ
|
130 лан мөнгө, 65 таар будаа
|
40 лан, 20 таар
|
30 лан, торго 4.
|
40 лан, торго 5
|
Гүнгийн эфү
|
105 лан мөнгө, 52 таар 3 доу будаа[8]
|
Цалин олгохгүй
|
Цалин олгохгүй
|
1 ши буюу таар нь ойролцоогоор 100 литрийн багтаамжтай савны хэмжээ, 1 доу нь ойролцоогоор 1000 литр багтаамжтай савтай тэнцэнэ.
Мөн үзэх
Эшлэл
|