Хунъү
Хунъү (овог нэр: Жү Юаньжан; 1328-1398) — 1368-1398 онд төр барьсан Мин улсын анхны хаан байв. Бага насЖү Юаньжан өнөөгийнхөөр Аньхуй мужийн Фөнъян хошууны нутаг Жунли сууринд ядуу хятад тариачны хүү болон төржээ. Эцгийг нь Жү Шижэнь, эхийг нь Чэнь Эрнян хэмээн судар бичигт тэмдэглэсэн ба тэднийх найман хүүхэдтэй айл байв. Түүнийг 16 настай байхад Хуай мөрөн эргээсээ хальж тэднийхийг хаман үерлэсэн бөгөөд нэг дүүгээс бусад нь тахлаар өөд болсонд гэр бүлийнхнийгээ оршуулаад 24 нас хүртэл буддын сүмд шавилан сууж, уншиж бичиж сурсан. Тэгж байтал тухайн мужид өлсгөлөн гарч сүсэгтэн олны аж амьдрал сүмд тахил өргөх байтугай өөрсдөө ч идэх хоолгүй болтол доройтсон тул Жү овогтын байсан сүмийг тухайн нутгийн босогчид дээрэмдэн сүйтгэсэнд сүм нь хаагдаж тэнүүчлэн амьдрах болж зам тоссон дээрэмчин хүртэл болж үзжээ. БослогоЖү овогт монгол хаантай Юань улсын эсрэг чиглэсэн бослогод нэгдэн орсон бөгөөд удалгүй зэрэг дэвшиж цэрэг захирах болов. Түүний элссэн бүлэг Улаан алчууртны бослогод нийлжээ. 1356 онд Жү Юаньжангийн цэрэг Наньжинг эзлэн төв болгон суужээ. Юань улсын төр засаг босогчид гэхээсээ илүү дотроо улс төрийн хямралдаа ихээхэн анхаарал хандуулж байснаас цаг ихээхэн алдаж нэгэнт газар авсан бослогыг дарж чадахгүй доройтсон байсан бөгөөд Жүгийн удирдсан бүлэг Хөх мөрөн хавийн Чэнь Юлянгийн босогчдын хэсэг байсан бөгөөд тэднээс гадна Хятадын өмнөд, төв нутагт босогчдын холбоо харилцаагүй бүлгүүд таруу байдалтай байв. Жү Юаньжангийн уран илтгэх чадвар бусдыг татаж, нэр хүнд өсч байлаа.Тэгэж байгаад бослогын өөр нэг удирдагч Чэн овогтой хагаралдав. 1360-аад оноос Жү болон Чэнь овогт хоёрын хэн нь ноёлох вэ гэсэн асуулт гарч ирсэн ба 1363 онд Пуян нуурнаа байлдаж Жүгийн илгээсэн 20 түмэн цэрэг дийлж Чэнь сарын дараа нас баржээ. 1367 онд Жүгийн цэрэг Сүжоуд төвлөсөн Жан Шичөн, Ханжоуд төвлөсөн бус хүчнийг дийлж Хөх мөрөн хавийг бүрэн мэдэлдээ оруулсан ба 1368 онд Мин улсыг байгуулснаа зарлан тунхаглажээ. ХаанМин (гэрэлт) улсыг байгуулж, хааны цолыг Тайзу, оны цолыг Хунъү (их тулаанч?) хэмээжээ. Мингийн цэрэг 1368 онд Юань улсыг мөхөөн Дайдугаас Тогоонтөмөр хааны монголчуудыг уг нутаг руу нь одуулжээ. 1371 онд Хунъү хааны хүү Жү Шуан монголын Хөхтөмөр жанжны дүүтэй гэрлэсэн. Мингийн хятадууд хойш одсон монголын нийслэл Хархорумыг хоёронтоо довтлон сүйтгэж, үлдэгдэл цэрэг нь өмнөд Юньнаньд бүгсэнийг 1381 онд даран устгажээ. Хунъү хаан хятадын үндсэн үзлийг төрийн хэрэгт авчирч хятад түшмэд, күнзийн суртлыг дээдлэн үзэж төрийн түшмэдийг сонгож байв. Хунъү ядуу тариачны татвар албын дарамтыг чөлөөлж, тариачинд газар олгох гэх мэт шинэтгэл явуулсан. 1364 онд хууль цаазын бичиг зохиосон бол 1384 онд исламын одон орны хүснэгтийг хятадаар орчуулахыг зарлигдсан нь 18-р зуун хүртэл хэрэглэгджээ. Түүхчид "ядуу тариачин гаралтай, 11 жилийн дотор ламаас хүчирхэг цэргийн бүлэглэлийн толгойлогч, ахиад 5 жилийн дотор эзэн хаан" хэмээн онцолдог Хунъү хаан 1398 онд 69 хүрээд нас барахад Наньжингийн дорнод талын Жижинь уулнаа бунхан барин оршуулжээ.
|