Хайду (1035[1] – 1090?; Монгол бичиг: ᠬᠠᠢ᠌ᠳᠤ, [ˈkʰaɪd̥ʊ]; Кирилл монгол: Хайду, латин галиг: Haidu, [ˈχæˑtʊ̽]) нь Чингис хаанаас дээш 6 дахь үеийн өвөг дээдэс бөгөөд Бодончар мунхагийн гуч болно. Түүний амьдарч байсан он цаг нь XI зууны сүүл үеийн үйл явдал бололтой.
Товч тойм
Тэрээр Боржигин овгийн Бодончарын жич Хачи хүлэгийн гэргий Монолун хатнаас төрсөн отгон хөвүүн. Монголын нууц товчоо, Судрын чуулган, Юань улсын судар зэрэг түүхийн баримтанд бага зэрэг ялгаатай ч, ойролцоо утгатай зүйл бичсэн байдаг. Судрын чуулганд өгүүлснээр:
Бодончарын хөвүүн Бухагийн хөвүүн Мэнэн Тудум түүний хатан Мунулун... Тэрбээр 9 хөвүүнтэй байв. Түүнийг өөд болсны дараа...хөвүүд нь янз бүрийн газар, янз бүрийн аймгийхнаас эхнэр авч, хүргэн хүүгийн заншлыг даган аймаг дамжин таржээ. Мунулуны нутаг бууцнууд нь Нуц Эрки ба Кух-и сиях-д байдаг ажгуу...Тэр үед жалайр гэж нэрлэгддэг байсан монголчууд нь ... Хэрлэнгийн ай саваар нутаглаж байв. Тэдгээр нь далан хүрээ болж байсан ажгуу... Хэрлэн гол нь хятадын нутагт ойр байдаг билээ. Иймээс жалайр болон бусад монгол аймгууд хятадын оршин суугчдын хооронд байнга л дайн дажин мөргөлдөөн болдог байв. Яг тэр үед хятадаас жалайруудыг талан дээрэмдэх зорилготой олон тооны цэрэг түлхэн оруулав... Жалайруудаас дайсан хүрч чадахгүй зайдуу байсан нэг бүлэг 70 орчим өрх эхнэр хүүхдээ авч дүрвэн нүүдэллэж явсаар Мэнэн тудумын бэлбэсэн гэргий Мүнүлүний нутагт буудаллажээ. Тэд өлссөн учир сөдийн үндэс ухаж идэж байжээ... Гэтэл энэ газар нь Мүнүлүний хүүхдүүдийн морьтой явж сургууль тэмцээн хийдэг талбай байжээ. Иймээс Мүнүлүн ирж тэдэнд хандан өгүүлрүүн: "Тан нар миний хүүхдүүдийн мориор тэмцээн хийдэг тал газрыг юунд ингэж нүхчин сүйтгэв ээ?" гэжээ... Тэдний хамгийн бага Хайду нь түүний эцгийн үеэл ах Начин, айргийн саванд хийж нуусны хүчээр амь гарчээ. Жалайр аймгийн хэсэг нь энэ хэргийн учир цээрлэл хүлээсэн нь угтаа түүний боол нь ажгуу. Хайду [2]
Уг үйл явдал 1069 оны хавар Жалайр аймаг бослого гаргаж, зуны тэргүүн сард Хятаны их цэрэг Хэрлэнд иржээ.[3] Сүүлд Начин цэрэг цуглуулж тэд жалайр хүмүүсийг довтолж, эрхшээж 70 гаруй өрх жалайрыг боолоо болгожээ. "Дараа нь олон ардыг авч бүгдээр Хайдуг өргөж эзэн болгов. Хайду ор суусны хойнон сүр хүч улмаар их болж дөрвөн зүгийн аймаг төрөл дагасан нь улмаар олон болж, улс үндэслэн байгуулав."[3] Түүхч Рене Груссе, "Хайду бол ураг удам дотроо анхны хан цолд жинхэнэ тохирсон анхны түүхэн бие хүн хэмээн дүгнэжээ."[3] 1084 оны 3 сарын 15-нд, 4 сарын 22 нд Монгол улс (萌古國[4]), Хятан улсад элч илгээж, харилцаа тогтоосныг[4][5] түүхчид Хайду хан, зарим нь Байшонхор, Тумбинай сэцэнтэй холбон тайлбарладаг. Түүний хөвүүн Тумбинай ханы үед дарлигины 19, нируны 10 гаруй овог нийлсэн гучаад овгийн 30 мянган өрх, 100,000 хүнтэй[5] болж өргөжин тэлжээ.
Тэрээр Байшонхор догшин, Чарахай линху, Чаужин өртэгэй гэх гурван хөвүүнтэй болжээ. Байшонхороос Хиад, Хиад Боржигин овгийн хаад ноёд, Чарахай линхугаас тайчууд аймгийн хаад ноёд, Чаужин өртэгэйгээс "Артахан, Сижиуд"[6] аймаг үүссэн.
Эшлэл
- ↑ Монгол Улсын Түүх: Дэд боть. Улаанбаатар. 2003. p. 53.
- ↑ Судрын чуулган: 1-р боть. Translated by Ц., Сүрэнхорлоо. Улаанбаатар. 2002. pp. 166–169.
- ↑ 3.0 3.1 3.2 Их Монгол Улс: Монголын Эзэнт Гүрний Түүх. Улаанбаатар: МУИС. 2019. pp. 56–57. ISBN 9919-9552-0-5.
- ↑ 4.0 4.1 Д, Заяабаатар, ed. (2021). Ляо улсын судар: 24-р дэвтэр, Даозун-4. Translated by Д, Ундрах; Д, Оюунцэцэг. Улаанбаатар: МУИС. pp. 421, 428. ISBN 991950475-0.
- ↑ 5.0 5.1 Их Монгол Улс: Монголын Эзэнт Гүрний Түүх. Улаанбаатар: МУИС. 2019. pp. 58–59. ISBN 9919-9552-0-5.
- ↑ Судрын чуулган. Translated by Ц, Сүрэнхорлоо. Улаанбаатар. 2002. p. 170.