Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Мир Болд

Хайр Болд буюу Мир Болд (татар хэл: میر پولاد, Mir Pulad) нь 1362-1365 онд Алтан Ордын хаан сууринд заларсан язгууртан. Тэрээр Зүчийн тав дахь хөвүүн Шибаны хөвүүн Баатар ноёны удамчир.

Угсаа гарал

Түүний дээдэс нь Зүчи ханы тавдугаар хөвүүн Шибан ноён юм. Muʿizz al-ansāb болон Tawārīḫ-i guzīdah-i nuṣrat-nāmah -д бичснээр түүний угийн бичгийг Чингис хаан - Зүчи хан - Шибан - Баатар - Зүчибуха - Бадахул - Минтөмөр - Болд (Пулад) хэмээжээ.

Хаан суусан нь

1362 оны сүүлээр Алтан Орд Улсад Сарай хотыг эзлэж хаан болохын төлөө Кильдибег, Мурид, Абдуллах, Мир Болд нарын хаад нэгэн зэрэг шахам тэмцэлдэж байсан. Кильдибег Мурид хоёр байлдах үеэр Мамай ноён Сарай хотыг довтлон эзэлж, Абдуллахыг хаанд өргөмжилсөн. Удалгүй Мурид нь Кильдибегийг ялаад Абдуллахыг хөөж, Сарайд хаан сууринд заларсан. Энэ үетэй ойролцоо хугацаанд Мир Болд Сарайг эзлэн Муридыг хөөж хаан сууж, "Шудрага султан // Хайр Болд хан"[1] нэртэй зоосыг Сарай хотод цутгуулав. 1363 онд Мурид хаан түүнийг ялж Сарайг буцаан авчээ. 1364 онд Мурид хаан, өөрийн тэргүүн сайд Ильясд алуулсны дараа Хайр Болд нь дахин Сарайд ирж хаан суужээ. Өөрийн нэрээ Болд хожа гэж өөрчлөн "Шудрага султан // Болд хожа хан"[1] гэх нэртэй зоос цутгуулж амжив. 1365 оны намар өөрийгөө хаанд өргөмжилсөн Шибаны удмын Төмөр Хожагийн хөвүүн Азиз шейх гэгч Сарайг эзлэн Мир Болдыг алж хаан суудлыг булааж авсан.

Үр хойчис

Хайр Болдын дараа түүний холын хамаатан Хасан (1368–1369), Илбег (1374), Хаанбег (1375–1377) болон Хайр Болдын хөвүүн Араб шах 1377-1380 онд Алтан Ордын хаан сууринд тус тус заларч байсан. Харин Хайр Болдын отгон хөвүүн Ибрагим огланы угсааны ноёд Хива хотод төвтэй Узбекийн хант улсыг байгуулж 1920 он хүртэл захирсан.

Өмнөх
Мурид
Алтан Ордны Улсын хаан
1362-1363
Дараах
Мурид
Өмнөх
Мурид
Алтан Ордны Улсын хаан
1364-1365
Дараах
Азиз шейх

Эшлэл

  1. 1.0 1.1 Зүчийн Улс. МУИС-Монгол судлалын хүрээлэн. 2019. p. 93.
Kembali kehalaman sebelumnya