Share to: share facebook share twitter share wa share telegram print page

 

Тэмүлэн

Тэмүлүн нь Хамаг Монголын Хиад Боржигин овгийн ноён Есүхэй баатар Өэлүн үжин хоёрын дундаас төрсөн ганц охин. Чингис хааны бага охин дүү юм. Тэрбээр бага насандаа өнчирч, эх болон ах нарын хамтаар өссөн. Ах Тэмүүжин өссөний хойно ихирэс аймгийн Бутутай анд болж, нөхөрлөж эхэлсний дараа Буту нь Тэмүлэнтэй хуримлаж, хүргэн болсон. Тэмүлэнгээс хэдэн хүүхэд төрсөн нь тодорхойгүй. Тэрээр 1201-1202 оны орчимд өөд болжээ. Хожим нь Чингис хаан төрсөн охин Хожин бэхийг Буту хүргэнд хатан болгон соёрхож, худ ургийн барилдлагыг бататгав. Үүнээс хойш Ихирэсийн их ноёд цөмөөр хааны угсааны гүнжтэй хуримлаж монголын төрд зүтгэж байсан нь Юань Улс мөхтөл тасраагүй.

1321 онд Гэгээн хааны зарлигаар Тэмүлэнд Чангуо их эгчмэд гүнж (昌国大長公主) гэх цолоор нэхэн өргөмжлөснийг Юань улсын судрын Гүнжийн илтгэл хэмээх 109 дүгээр дэвтэрт Чангуо гүнжийн хэсгийн эхэнд тэмдэглэжээ. Чан гуо гүнж хэмээхийн учир нь Юань Улсын үед Ихирэс аймгийн эзэн ноён нь Чан ван (昌王) цолтой байсан тул тэдний гүнж хатадыг Чан гуо гүнж гэх хятад цолоор нэрлэх болсон.

Kembali kehalaman sebelumnya