ОозэкиОозэки (Япон: 大関) гэдэг нь Японы мэргэжлийн сүмогийн дээрээсээ хоёр дахь цол юм. Ёкозүна цол бий болохоос өмнө хамгийн том цол нь байв. Баруун, зүүн жигүүрт дор хаяж нэг оозэки байх ёстой байдаг бөгөөд оозэки байхгүй болсон тохиолдолд тухайн жигүүрийн ёкозүнаг банзүкэд ёкозүна-оозэки гэж бичдэг. Харин тухайн жигүүрт ёкозүна ч бичигдээгүй бол сэкивакэ, эсвэл комүсүбиг оозэки болгон цол ахиулдаг байжээ, гэхдээ ийм тохиолдол сүүлийн жилүүдэд огт гараагүй. Эдо эриний үед оозэки байхгүй болбол зүгээр л биеэр том, сайхан галбиртай бөхийг оозэки гэж банзүкэд бичдэг, тэд нь ихэнхдээ барилдахдаа тааруу байдаг байсан тул "канбан оозэки" буюу "үзүүлэнгийн оозэки" гэгддэг байв. Банзүкэгийн зөвлөлөөс хэн нэгэн бөхийг шинээр оозэки болгох шийдвэр гаргасны дараа тусгай элч томилон, ёкозүна төрөхөд хийдэгтэй бараг ижил "цол ахисныг мэдээлэх ёслол" хийдэг байна. Ингэсний дараа шинэ банзүкэ гарахыг хүлээлгүйгээр, оозэкигийн эрхийг эдэлж эхэлдэг. Шинэ ёкозүна болгох шалгуурыг Ёкозүнагийн зөвлөлийн дотоод журманд тодорхой заасан байдаг бол шинээр оозэки болгох шалгуурын тухай тогтсон хэм хэмжээ байхгүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр, сэкивакэ буюу комүсүби цолтойгоор сүүлийн 3 башод барилдаж, нийт 33 буюу түүнээс олон давсан байх нь сүүлийн жилүүдэд баримталж буй шалгуур болж буй гэж мэдээлдэг. Оозэки болсноор сарын цалин нь 657 мянган иенээр нэмэгдэж, Рёогокү Кокүгикан ордонд өөрийн машинаар ирж, машинаа зогсоолд нь тавих, мөн онгоцоор нисэхэд нэгдүгээр зэрэглэлийн суудал ашиглах гэх мэт эрх эдлэнэ (2010 оны байдлаар). Оозэки цолыг 1 башод муу барилдаад л алдаж байсан жишээ эрт цагт тохиолдож байсан боловч 1927 оноос 2 башо дараалж муу барилдвал оозэки цолыг нь хураадаг жишиг тогтжээ. Явцын дунд 1958 - 1969 оныг хүртэл 3 башо дараалан муу барилдсан тохиолдолд хурааж байсан боловч хэтэрхий зөөлдөж байна гэж үзээд хуучин системдээ буцан орж, харин оозэки цолоо хураалгасан бөх дараагийн башод 10 буюу түүнээс олон давбал оозэки цолыг нь эргүүлэн өгдөг дүрэмтэй болсон байна. Энэхүү дүрмээр оозэки цолоо эргүүлэн авч чадсан Миэноүми, Таканонами, Мүсоояма, Точиазүма нарын 4 бөх л бий. Мөн тэмцээний явцад гэмтэл авсан тохиолдлыг муу барилдсанд тооцдоггүй байснаа 2003 онд халжээ. Муу барилдвал цолоо алдах нөхцөл байдалд орсон буюу өмнөх тэмцээнд муу барилдсан оозэкиг кадобан гэдэг. АмжилтОозэки цолтойгоор хамгийн олон башод барилдсан бөхчүүд
|